Х.Мандахбаяр: Цаашдаа Дундговь, Өмнөговийн зам ХОЁР ЭГНЭЭТЭЙ БОЛОХ ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн баасан, бямба /2022.05.26, 27/ гарагт Өмнөговь аймагт ажилласан. Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Өмнөговь аймагт тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх, Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяраас байр суурийг нь сонирхлоо.
Тэрбээр "Ерөнхий сайд Өмнөговь аймагт бүтэн хоёр өдөр ажиллалаа. Зүгээр нэг ирээд буцдаг дарга байсангүй. Ерөнхий сайд түүхэн шийдвэрүүдийг гаргалаа. Өмнө нь Өмнөговь аймагт шийдэж байгаагүй, олон жил гацаж түгжигдсэн зарим асуудал дээр цэг тавьж, бодитой шийдвэрийг газар дээр нь гаргаж ажилласан явдалд нь өмнийн говьчууд баяртай байна" гэлээ.
Түүнчлэн "Хэдхэн хоногийн өмнө би аймгаас буцаж явахад зам их хэцүү байсан. Хэд, хэдэн хүн рүү асуудлыг хэлж, ярьсан. Иргэд ч ярьдаг юм билээ, шийдэгдэхгүй. Тэгээд пост оруулсан. Ямар ч байсан тэр асуудал шийдэгдэж байна. Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн хатуу хучилттай авто замын засварын төсвийг нь 3.4 тэрбум төгрөгөөр нэмж, өөр шаардлагатай асуудлыг нь шийдэх үүрэг, чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Энэ зам маань ямар ч байсан сайн, сайхан болох нь ээ. Нээх айхтар шинэ зам шиг болдоггүй юм аа гэхэд осол, аваар гарахгүй түвшинд стандартын дагуу засвар хийх хэрэгтэй байна. Яваандаа улсынхаа эдийн засгийн тал хувийг нь нуруундаа яваа Дундговь, Өмнөговийн зам бол хоёр эгнээ болох ёстой. Ийм л бодолтой явдаг. Эхний ээлжид замаа сайжруулж, осол авааргүй хүний амь насыг хохироодоггүй болгох нь зүйтэй юм" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.