Замын төлбөрийг Автозамын санд 24 цагийн дотор төвлөрүүлдэг
Улсын хэмжээнд автозамын байнгын ажиллагаатай, төлбөр авах 28 цэг ажиллаж байна. Эндээс жилд дунджаар 7-8 тэрбум төгрөг төвлөрдөг аж. Үүнийг Зам тээврийн хөгжлийн төв хураан 24 цагийн дотор Автозамын санд төвлөрүүлдэг байна. Энэхүү үндсэн үйл ажиллагааг тус төв зохицуулан ажилладаг. Харин санд төвлөрсөн төлбөр хураамжийг Сангийн яам, ЗТХЯ болон төсвийн ерөнхийлөн захирагч нар хуваарийн дагуу автозамын арчлалт, засварын буюу АЗЗА-ын компаниудад хуваарилан олгодог, төлбөрийн ихэнх хувь нь замын ашиглалт арчилгаанд зарцуулдаг аж.
Зам, тээврийн хөгжлийн төв нь хөдөлгөөнт эргүүлтэй. Энэ нь тодорхой чиглэлд, тодорхой хугацаагаар хяналт тавин явж ажилладаг байна. Мөн бүс нутгийг хариуцсан автотээврийн хяналтын инженерүүдийг гарган ажилладаг. Тэдгээр нь мөн автозамын эвдрэл гэмтлийг хянан автозамын бэлэн байдлыг ханган ажилладаг. Харин авто тээврийн байцаагч нар нь АТҮТ-өөс гарч ажилладаг талаар Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ-ын Төлбөр авах үйл ажиллагааны хэлтсээс мэдээллээ.
Манай улс 150 мянга гаруй км автозамын сүлжээтэйгээс 15 мянган км нь олон улсын болон улсын чанартай автозам байдаг. Улсын хэмжээнд автозамын засвар арчлалтын 32 компани нийт автозамын эвдрэл гэмтэл, урсгал засварыг хариуцан ажиллаж байна. Жолооч нар тээврийн хэрэгслийн төрөл, даацаас хамааран 1-10 мянган төгрөгийг олон улсын болон улсын чанартай автозам ашигласны төлбөрт төлдөг.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.