Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.

Л.Оюун-Эрдэнэ: Төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.

Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын эхлэл болгож, нийслэлийн түгжрэлийг багасгахаар 60 автобус, цахилгаан хөдөлгүүр бүхий 2 давхар 10,  сургуулийн 20 автобусыг үйлчилгээнд нэвтрүүлж байна.

Цаашид нийтийн тээврийн паркыг бүрэн шинэчилж, 1000 автобусыг шинээр үйлчилгээнд нэвтрүүлнэ гэж нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хэлэв.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны 93 хувь нь ашиглалтын хугацаа хэтэрчээ. 2009 онд хуучин 400 автобус авснаас хойш парк шинэчлэл хийгээгүй бөгөөд энэ жил 500 орчим автобус ашиглалтаас гаргах юм. Одоогоор нийслэлд 17 компанийн 960 орчим автобус 101 чиглэлд үйлчилгээнд явдаг. Зуны улиралд ажлын өдрүүдэд 300-350 мянга, намар оргил ачааллын үед өдөрт 700 мянга гаруй хүн нийтийн тээврээр зорчдог байна. Иймд нийтийн тээврийн парк шинэчлэлийг 2024 он хүртэл хоёр үе шаттай хэрэгжүүлэх аж.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Зорчигч тээврийн нэгтгэл компанид ажиллаж, сургуулийн автобусыг үе шаттай нэмж, хүүхдийн аюулгүй байдал, тав тухыг хангах боломж бүрдүүлнэ гэлээ. Шинэ сэргэлтийн бодлогын хот хөдөөгийн сэргэлтийн хүрээнд нийслэлийн тулгамдсан асуудлыг үе шаттай шийдэхээр жил бүр 420 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотод төсөвлөж байна. Өмнө нь нийслэлд жилд 40 тэрбум төгрөг төсөвлөдөг байсан бол энэ оносс 420 болгож нэмсэн нь түүхэн шийдвэр гэдгийг Л.Оюун-Эрдэнэ онцлоод, төрийн албан хаагчдыг автобусаар зорчихыг уриаллаа.

Мөн тэрбээр “Жолооч, зорчигчдын тав тух, аюулгүй байдлыг хангасан, Монгол орны цаг уурт тохирохуйц, өвөл цонх цантахгүй, тусгай хэрэгцээт иргэдийн шаардлага хангасан автобусны парк шинэчлэл хийж чадвал түгжрэлийг багасгах том шийдэл болно” гэв.

Нийслэлд сургуулийн 140 автобус шаардлагатайг нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга Ч.Сайханбаяр хэлж байв. Ерөнхий сайд нийтийн тээврийн оргил ачааллын үе буюу 8 дугаар сарын 25-наас өмнө шинэ 591 автобусыг авчрах, нийтийн тээврийн цахим шилжилтийг хийж дуусгахыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.