УИХ-ын дарга Г.Занданшатар 86 тоот захирамж гаргасан байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар 86 тоот захирамж гаргасан байна.

УИХ-ын чуулганаар 6 дугаар сард хэлэлцэх асуудлын дараалал тогтоож УИХ-ын дарга Г.Занданшатар 86 тоот захирамж гаргасан байна.

Энэхүү дараалалд:

  • “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төсөл: (30)
  • Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл: (31) гэжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг орон даяар өрнүүлэх санаачилга гаргаж УИХ-д “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай”  тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт өргөн мэдүүлжээ. УИХ-ын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцэхийг дэмжиж анхны эхэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороонд шилжүүлсэн байна. “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын төсөл нь 4 бүлэг, 51 заалттай. Уг тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн 131 зүйл, заалттай үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулжээ.

“НҮБ-ын судалгаагаар 2021 оны байдлаар дэлхийн 53 орны 193 сая хүн ам хүнсний аюулгүй байдлын эрсдэлд орж болзошгүй гэсэн дүн гарчээ хэмээн онцолсон байна. Хүнсний үнэ 4 дүгээр сарын байдлаар жилийн 17 хувиар өссөн байна. Жимс, жимсгэнийн үнэ 42 хувиар, хүнсний ногооны үнэ 47 хувиар, сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ 15 хувиар тус тус өссөн гэж төслийн танилцуулгад дурджээ. 

Энэхүү тогтоолыг баталж, төлөвлөгөөг хэрэгжүүлж ажилласнаар ирэх 5 жилд гол нэрийн 19 төрөл болох малын мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, төмс, лууван, байцаа, манжин, сонгино, сармис, хүрэн манжин, гурил, гурилан бүтээгдэхүүн, хүлэмжийн ногоо, өндөг, цөцгийн тос, хүнсний давс, тахианы мах, ургамлын тосоор хүн амын хүнсний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангаж,  цаашдаа элсэн чихэр, төрөл бүрийн будаа, гахайн мах, жимс, жимсгэнийн тодорхой хувийг хангах боломжийг бүрдүүлнэ гэж тооцжээ. Дээрх нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангахад  1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ.

 Мөнгөний эх үүсвэр:

  • зээлийн хүүгийн зөрүү төлөх,
  • Засгийн газраас зарим дээр нь баталгаа болон бонд гаргах
  • арилжааны банкнууд дээр байгаа чөлөөт мөнгөн үлдэгдлийг татан ашиглах зэрэг олон зүйлийг нарийвчлан тооцож, төлөвлөгөө гаргасан байх юм.

УИХ-ын тогтоолын төслийг  байнгын хороонд шилжүүлэх хэлэлцүүлгийн явцад, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал зарчмын зөрүүтэй санал гаргажээ. Тодруулбал, төслийн гурав дахь заалтын хоёр дахь дэд зорилт дээр эрчимжсэн мал аж ахуйн хүрээнд:

  • механикжуулалт буюу жижиг оврын тоног төхөөрөмжөөр хангах, ажлын эд ангиудыг үйлдвэрлэж хангах арга хэмжээг авч, бүтээмж өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх” гэсэн заалт,   нэмэх санал гаргажээ. Түүний  дээрх саналыг  хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байх жишээтэй. 

УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд:

  • хүнсний аюулгүй байдлыг хангах нэгдсэн тогтолцоо бүрдүүлэх;
  • татвар, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, санхүүжилт, даатгалын оновчтой тогтолцоо бий болгох;
  • хүүхдийн хоол, хүнсний хангамжийн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бий болгох, аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох;
  • пестицидийн үлдэгдлийн хяналтын хөтөлбөр батлах;
  • хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний хөндлөнгийн хяналтын зохицуулалт бий болгох чиглэлээр хууль эрх зүйн орчинг сайжруулах,
  • холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахыг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд даалгах;

Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр:

  • хүнсний хангамжийг нэмэгдүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх,
  • хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн бий болгох,

Газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх;
  • ургамлын генетик нөөцийн ашиглалт хамгаалалт, нутагшсан сортын үрийн нөөц бүрдүүлэх;
  • үр тариа, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ болон ашигт таримлын үр үйлдвэрлэлийн үндэсний тогтолцоо бүрдүүлэх;

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэх, бэлчээрийн даацыг тооцон малын тоо толгой толгойг зохих түвшинд барих;
  • мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх цогц арга хэмжээг шуурхай хэрэгжүүлэх;

Хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр:

  • мал аж ахуй, газар тариалангаас нийлүүлсэн хүнсний түүхий эдийг дотооддоо боловсруулах, бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  • хүнсний сүлжээний бүх шатанд хяналт, баталгаажуулалтыг тодорхой болгож итгэмжлэгдсэн лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх;
  • дотоодын зах зээлд борлуулсан чанар, эрүүл ахуй, аюулгүйн үзүүлэлтийн шаардлага хангасан бүтээгдэхүүнд олгож буй урамшууллын тогтолцоог боловсронгуй болгох;
  • хоол, хүнсний зөв, зохистой, соёлтой хэрэглээний талаарх сургалт, сурталчилгаа, соён гэгээрүүлэх ажил зохион байгуулах зэрэг цогц арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгахаар тусгасан байх жишээтэй.

Ер нь “Дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдөр”-ийг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2018 оны хурлын 73/250 тогтоолоор жил бүрийн 6 дугаар сарын 7 гэж зарлажээ. Ингэж зарласан  гол зорилго нь дэлхийн нийтээрээ хүнсний аюулгүй байдлын талаарх ойлголт мэдлэгээ сайжруулах, хоол, хүнсийг аюулгүй, мөн хүртээмжтэй, шим тэжээллэг байлгахад шийдвэр гаргагч, бодлого боловсруулагч нар, хоол, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгчид, хэрэглэгч зэрэг хүн бүрийн оролцоог чухалчлахад чиглэжээ.

НҮБ-ээс энэ өдрийг гишүүн улс орнууддаа тэмдэглэхийг 2019 онд уриалж байжээ.  Ийм болохоор хүнсний аюулгүй байдал гэдэг нэг улсын бус нийт хүн төрөлхтний өмнө тулгарч буй асуудал бололтой. Түүнийг шийдвэрлэх арга зам нь улс орон бүрийн өөр өөрийнх нь онцлогт тохирсон байх ёстой болов уу.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.