Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал огцом нэмэгджээ

Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал огцом нэмэгджээ

“Буриадаас Монголыг зорих хүмүүсийн урсгал нэмэгдэж, Хиагт олон улсын автозамын боомт Монголыг зорьсон оросуудын хөлд дарагдаад байгаа бөгөөд энэ тоо хурдацтай нэмэгдэж байна” хэмээн  Буриадын “Kyakhta Telegram” суваг мэдээлжээ.

Оросууд Москвагаас Ташкент, Баку, Бишкек, Астана, Минск руу шууд тасалбар худалдаж авсан талаар Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бичиж байна. Есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин иргэдэд хандан үг хэлэхдээ хэсэгчилсэн дайчилгаа зарлаж буйгаа мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа гадаад паспортгүй хүн Оросоос хэрхэн гарах, дайчилгаанаас хэрхэн зайлсхийх вэ гэсэн асуултыг  “Google”-ээс хайж эхэлжээ.

Оросууд Украины дайн бол тэдний хийсэн дайн биш, удирдагч Владимир Путиний шийдвэр бөгөөд тэдэнд ч бас нөлөөлж байгааг ойлгосоор байна. Владимир Путин энэ лхагва гарагт гарын үсэг зурсан дайчилгааны зарлиг нь оросуудыг төөрөгдүүлж, сандаргаж байна. Цаг хугацаа өнгөрөх тусам тус улсыг орхин явах хүний тоо өссөөр байгаа юм.

Путин дайралт эхэлснээс хойш анх удаа иргэддээ хандаж үг хэлэхдээ, тэдний зарим нь фронтод явахаас өөр аргагүйд хүрнэ гэж хэлснээс хойш ердөө нэг цагийн дараа гэхэд Оросын нийслэлээс Турк, Азербайжан, Армен руу явах тасалбар бүгд зарагдсан байсан. Хэдэн цагийн дараа ойрын хэдэн өдрийн болон визгүйгээр нэвтрэх боломжтой бусад чиглэлд, тухайлбал Төв Азийн орнууд руу аялах орос иргэдийн урсгал огцом өсжээ.

Сибирийн агаарын тээврийн компанийн Москвагаас Тажикистаны нийслэл Душанбе руу хийх бүх нислэг есдүгээр сарын 26-ныг хүртэлх нь зарагдаж дууссан байна. Үүнтэй холбоотойгоор тийзний үнэ мөн өсөж, Санкт-Петербургээс Арменийн нийслэл рүү явахад 193 мянган рубль болжээ. Оросууд Финляндаас бусад Балтийн орнуудаар дамжин гарах боломжгүй. Украинд эхлүүлсэн дайны үр дүнд дэлхийн улс орнууд Шенгений визтэй оросуудад хүртэл хилээ хаасан. Латвийн Гадаад хэргийн сайд Эдгарс Ринкевичс "Дайчилгаанаас зайлсхийсэн Оросын иргэдэд Латви хүмүүнлэгийн болон бусад виз олгохгүй" гэж анхааруулсан. Оросын томоохон тээвэрлэгчид, тэр дундаа Аэрофлот, мөн Оросын төмөр замууд (РЖД) тасалбар борлуулахаа зогсоох зааварчилгаа аваагүй гэж мэдэгдэв. Путин мэдэгдэлдээ хэнийг дайчилгаандаа хамруулахыг тодорхой заагаагүй нь олон хүнийг төөрөгдөлд хүргэж байгаа аж.  Үймээн самууны давалгаа Украинд довтолж эхэлсэн эхний өдрүүд шиг байгаа аж.

Тухайн үед олон мянган оросууд эх орноо орхин явсан. Гэвч олонх нь хэсэг нь дараа нь буцаж ирсэн. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков цэрэг татлага шууд биш бөгөөд Батлан хамгаалах яамны мэдэгдсэнээр 300 мянган цэргийг ирээдүйд дуудаж магадгүй тул зугтаж буй оросуудыг буцаж ирэхэд нь дайчлах боломжтойг анхааруулжээ.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.