БНАСАУ өнөөдөр өглөө Японы хойд хэсэгт пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө Японы хойд хэсэгт пуужин харвалаа

БНАСАУ өнөө өглөө баллистик бололтой пуужин Японы хойд хэсгийн чиглэлд харвалаа гэж тус улсын эргийн хамгаалалтын газар мэдээлжээ. 

Японы сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Мацүно Хироказү Токиод болсон яаралтай хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “одоогоор нисэх онгоц, хөлөг онгоцонд гэмтэл учруулсан талаар мэдээлэл алга” гэсэн байна. Түүний хэлснээр, пуужин “Номхон далайд Японы эдийн засгийн онцгой бүсээс гадуур унажээ”.

Засгийн газар дахь NHK сувгийн эх сурвалжийн мэдээлснээр, пуужин Номхон далайд Японы эргээс зүүн тийш 3000 километрийн зайд унасан байна. Умардын пуужин 4000 орчим км нисэж, 20 минут орчим агаарт байжээ. Пуужин ердийн баллистик пуужингийн траекторын дагуу ниссэнийг эх сурвалж онцолсон байна. 

Номхон далайг чиглэн Японы дээгүүр ниссэн БНАСАУ-ын пуужин нь тив алгасагч баллистик пуужин байж магадгүй гэж “TV Asahi» суваг тэмдэглэжээ. 

Үүний сацуу Мацүно мэдэгдэхдээ, яг одоо пуужингийн төрлийг тогтоож байгааг онцолсон байна.

Пуужин харвасантай холбогдуулан Японд яаралтай түгшүүрийн дохионы  “J-alert” системийг идэвхжүүлсэн байна. Гаргасан анхааруулгын дагуу пуужингийн траектор Японы хойд нутгийн Аомори, Хоккайдо мужийн агаарын орон зайгаар дайран өнгөрчээ.

Үүнтэй холбоотойгоор эдгээр бүс нутгийн оршин суугчдыг пуужингийн хэлтэрхий унах эрсдэлтэй тул цонх руу ойртохгүй байх, гэртээ эсвэл газар доорх нуувчид үлдэхийг уриалсан байна. Японы Ерөнхий сайдын хэрэг эрхлэх газрын дэргэд пуужингийн туршилтын талаар мэдээлэл цуглуулах шуурхай штаб байгуулжээ. БНАСАУ-ын пуужингийн туршилтын улмаас Аоморид өндөр хурдны "шинкансен" галт тэрэгний хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоосон байна. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.