БНАСАУ-ын пуужин харвасныг тогтоосон
БНАСАУ өнөө өглөө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан талаар Япон, БНСУ-ын цэргийнхэн мэдээлжээ. АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг цэргийн хамтарсан сургуулилалтад зориулан БНСУ-д авчирснаас хоёр хоногийн дараа энэ туршилтыг хийсэн байна.
Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказүгийн сэтгүүлчдэд мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой байна. БНАСАУ-ын энэ оны эхэн үеэс хийсэн пуужингийн туршилтууд, тэр дундаа тив алгасах чадалтай пуужин харвасан нь бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлж байна гэж тэрбээр хэлжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ-ын Умард Пёнган мужийн Тэчон тойргийн орчмоос өглөөний 6:53 цагийн орчимд пуужин харвасныг тогтоосон байна. Пуужин ойролцоогоор 400 км зайд ниссэн бөгөөд нислэгийн өндөр нь 50 орчим км байсан гэж Японы Батлан хамгаалахын сайд мэдээлжээ.
Энэ онд БНАСАУ баллистик пуужингийн туршилтыг удаа дараа хийж байгаатай холбоотойгоор тус улсыг цөмийн долоо дахь удаагийн буюу 2017 оны есдүгээр сараас хойших анхны туршилтаа явуулж магадгүй гэж шинжээчид таамаглах болоод байгаа юм.
Баасан гарагт АНУ-ын “Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлөг онгоц сүүлийн таван жил орчмын хугацаанд анх удаагаа БНСУ-ын Бусан боомт хотод ирсний дараа Пёньян дээрх туршилтыг хийсэн байна. Уг хөлөг онгоцыг холбоотон орнуудын хамтарсан тэнгисийн цэргийн сургуульд ашиглах юм.
"Япон Пёньяны зургаадугаар сарын 5-нд ойрын зайн тусгалт найм дахь пуужин харваснаасаа хойш хийсэн анхны баллистик пуужингийн туршилттай холбоотой мэдээллийг цуглуулж, дүн шинжилгээ хийхэд АНУ, БНСУ-тай нягт хамтран ажиллана" гэж Х.Ясүказү мэдээлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.