БНСУ-д хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг илрүүлэх шалгалтыг эрчимжүүллээ

БНСУ-д хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийг илрүүлэх шалгалтыг эрчимжүүллээ

БНСУ-ын Хууль зүйн Яамнаас гадаад иргэдийн оршин суух хэв журмыг чангатгахын тулд зугаа цэнгээний болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэдийн дунд нийтийг хамарсан шалгалтыг эрчимжүүлээд байна.

Тодруулбал, БНСУ-ын Хууль зүйн Яамнаас 2022 оны зургаадугаар сарын 1-нээс долдугаар сарын 31-ний хооронд хоёр сарын хугацаанд зугаа цэнгээний газрууд болон массажны үйл ажиллагаа явуулдаг салбарт хууль бусаар ажиллаж буй гадаад иргэн, ажилд зуучлагч брокеруудыг шалгаж илрүүлэх ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлж 642 гадаад иргэн, 11-н зуучлагч брокер, 234 хууль бус ажил олгогч зэрэг нийт 887 иргэнийг мөрдөн шалгах ажиллагааны явцад илрүүлж холбогдох хуулийн хариуцлага хүлээлгэсэн байна.

Хууль бусаар хөдөлмөр эрхэлж байсан 642 гадаад иргэнээс гурван иргэнийг саатуулан хорьж, хоёр иргэнийг Прокурорын байгууллагт шилжүүлж, 588 иргэнийг албадан гаргаж, 16 иргэнд Солонгос улсаас гарах тухай мэдэгдэл өгч, 33 иргэнд торгуулийн хариуцлага ноогдуулжээ.

Мөн 2022 оны есдүгээр сараас 10 дугаар сарын хооронд иргэдийн ажлын байр бий болгоход сөргөөр нөлөөлж буй хүргэлт, илгээмжийн үйлчилгээ болон хууль бус таксины үйлчилгээ, улиралын чанартай ажилчин ажлын байраа орхиж явах, оюутан залуусын хууль бус хөдөлмөр эрхлэлт, тэдгээрийг хууль бус ажилд зуучлах зэрэг үйл ажиллагааг илрүүлэх зорилгоор хяналт шалгалтыг далайцтай өрнүүлэхээ мэдэгдээд байна.

Эх сурвалж: БНСУ-ын Хууль зүйн Яамны Гадаад иргэдийн харьяатын Газар

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.