БНАСАУ өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан
БНАСАУ өнөө өглөө хоёр баллистик пуужин харвасан нь есдүгээр сарын сүүлээс хойших зургаа дахь туршилт нь боллоо гэж Японы Засгийн газар мэдээллээ.
“Пуужингуудын нислэгийн өндөр 50-100 орчим км байсан бөгөөд ойролцоогоор 350-800 км зайд нисэн Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.
БНСУ-ын цэргийнхний мэдээлснээр, БНАСАУ өнөө өглөөний 6:01-6:23 цагийн хооронд Пёньян хотын орчмоос ойрын зайн тусгалт хоёр баллистик пуужин харвасан байна.
Пёньян БНСУ, АНУ-ын цэргийн хамтарсан сургуулийн дараахан Японы бүлэг арлуудын дээгүүр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа баллистик пуужин харваснаас хойш хэдхэн хоногийн хугацаа өнгөрч байгаа юм.
БНАСАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр гаргасан мэдэгдэлдээ АНУ болон бусад орнууд мягмар гаргийн баллистик пуужингийн туршилтын талаар НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулсныг “эрс зэмлэн буруушааж” буйгаа цохон тэмдэглэсэн байна.
Тус яам уг туршилтыг АНУ, БНСУ-ын цэргийн сургуулилалтын хариуд авч хэрэгжүүлсэн “хариу арга хэмжээ”-ний нэгээхэн хэсэг байсан гэж мэдээлснийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.
Японы Засгийн газар Пёньяны мягмар гаргийн туршилтын талаар мэдээлсний дараа Ерөнхий сайд Кишида Фүмио сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, БНАСАУ богино хугацаанд удаа дараалан пуужин харвасныг “огт хүлээн зөвшөөршгүй” үйлдэл хэмээн шүүмжилсэн байна.
Япон улс Бээжин хот дахь Элчин сайдын яамаараа дамжуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн бөгөөд Японы нисэх онгоц болон хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан тухай мэдээлэл байхгүй гэж Х.Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.
БНАСАУ есдүгээр сарын сүүлээс хойш Япон тэнгис рүү удаа дараа баллистик пуужин харваад байгаа юм. Тэдгээрээс мягмар гарагт туршсан пуужин нь Пёньяны урьд өмнө нь харваж байсан пуужингуудаас хамгийн хол зайг туулсан байна.
Пүрэв гаргийн туршилтын хувьд АНУ-ын “Ronald Reagan” нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг цэргийн хамтарсан сургуульд оролцуулахаар БНСУ-ын зүүн эрэгт байршуулснаас нэг хоногийн дараа буюу есдүгээр сарын 25-наас хойших зургаа дахь туршилт болжээ.
Энэ он гарсаар БНАСАУ НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн баллистик пуужингийн 20 гаруй туршилт явуулсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.