БНСУ-ын “Үндэсний баяр”-ын болон “Цэргийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ боллоо
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас 2022 оны 9 дүгээр сарын 30 /өнгөрсөн баасан гарагт/-ны өдөр БНСУ-ын “Үндэсний баяр”-ын болон “Цэргийн өдөр”-т зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг Улаанбаатар зочид буудалд зохион байгуулав.
Тус арга хэмжээг Ковид-19 цар тахлаас шалтгаалж 2020 оноос хойш хоёр жилийн дараа ийнхүү зохион байгуулж, Монгол Улсын Засгийн газрын холбогдох албаны хүмүүс, УИХ-ын гишүүд, Батлан хамгаалахын яам, Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд болон хэвлэл мэдээллийн төлөөлөл, Монгол Улсад суугаа Солонгос иргэдийн төлөөлөл зэрэг нийт 350 гаруй хүн оролцлоо.
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун мэндчилгээндээ “Монгол, Солонгос хоёр орны хоорондын гадаад худалдааны хэмжээ анх дипломат харилцаа тогтож байх үетэй харьцуулахад 150 дахин өссөн төдийгүй Ковид-19 цар тахлын амаргүй цаг үе байсан хэдий ч өмнөх оны энэ үетэй харьцуулахад 37 хувиар өссөн дүнтэй байна. Түүнчлэн хоёр орны харилцааны гол хөдөлгөгч хүчин нь иргэд хоорондын идэвхтэй харилцаа бөгөөд Монголын талаас Солонгос иргэдийг визгүй зорчих шийдвэрийг гаргаснаар Ковид-19 цар тахлын улмаас буураад байсан хоёр орны аялал жуулчлалын харилцаа хурдацтай сэргэж байна.
Өнгөрсөн оны 9 дүгээр сард болж өнгөрсөн хоёр орны Төрийн тэргүүнүүдийн цахим дээд хэмжээний уулзалтаар хоёр орны харилцаа “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүрсэн бол өнгөрсөн сар БНСУ-ын Гадаад харилцааны сайд найман жилийн дараа Монгол Улсад айлчлан олон чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар харилцан санал солилцсон.
Монгол Улсын Консулын газар байрладаг Бусан хот нь Улаанбаатар-Бусан шууд нислэгтэй учир Бусан экспог зохион байгуулах эрхийг авах нь хоёр орны иргэд хоорондын харилцаанд эергээр нөлөөлнө гэдэгт итгэж байна. Бусан хот 2030 оны “Дэлхийн экспо”-г зохион байгуулах эрхийг авахад анхаарал хандуулан, дэмжихийг хүсэж байна” гэдгээ илэрхийллээ.
Монгол Улсын Их хурлын гишүүн, УИХ дахь Монгол, БНСУ-ын Парламентын бүлгийн дарга Ж.Мөнхбат баярын мэндчилгээндээ “Монгол Улс, БНСУ хоёр улс “Стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг тэмдэглэхэд таатай байна. БНСУ нь Монгол Улсын гуравдагч хөрш, ойр дотны түнш орон бөгөөд цаашид БНСУ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлэн бэхжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын чухал зорилтын нэг юм. Хоёр орны Төрийн тэргүүн нарын түвшинд тохиролцсон Монгол Улс, БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай Хамтарсан тунхаглалыг таван тэргүүлэх салбар чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх талаар хоёр тал нягт хамтран ажиллаж байгаад баяртай байна.
Энэ хүрээнд БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин-ийн энэ оны 8 дугаар сард Монгол Улсад хийсэн албан айлчлал нь хоёр орны өнгөрсөн 30 жилийн харилцааг дүгнэн, ирэх 30 жилийн хамтын ажиллагааны хэтийн төлөв, замын зураглалыг тодорхойлоход чухал ач холбогдолтой болсон билээ. Хоёр улсын Парламент, Парламент дахь найрамдлын бүлэг, Тамгын газар хоорондын хамтын ажиллагаа цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэл төгс байна.
Монгол Улсын “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг БНСУ-ын шинэ Засгийн газрын бодлоготой уялдуулан үр ашигтай үргэлжлүүлэн хамтран ажиллахын төлөө байна. Манай хоёр улс Зүүн хойд Азийн бүс нутагт зэрэгцэн оршдогийн хувиар бүс нутгийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх үйлсэд хамтын хүчээр хувь нэмэр оруулах өргөн боломж бий.
Энэ ялдамд бүс нутгийн аюулгүй байдал, энх тайвны төлөөх манай “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг БНСУ идэвхтэй дэмжин ирсэнд талархал илэрхийлэн, Монгол Улс мөн Зүүн хойд Азийн бүс нутаг, Солонгосын хойгийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн БНСУ-ын засаг захиргааны бодлого, хүчин чармайлтыг цаашид ч дэмжин ажиллах болно” гэв.
Мэндчилгээний дараа таэквондогийн үзүүлэх тоглолт, K-pop тоглолт, “K-food” амталгаа зэрэг “K-culture” Солонгосын соёлыг олон янзаар танилцуулсан нь арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны болон бусад улсын зочид төлөөлөгчдийн нүдийг баясгаж, сонорыг мялаалаа.
Цаашид БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хоёр орны “Стратегийн түншлэл”-д нийцэхүйц хамтын ажиллагааны төлөө хүчин зүтгэх болно гэж БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.