БНСУ-д “Монгол - Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.

БНСУ-д “Монгол - Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яам хамтран БНСУ-ын Сөүл хотын Дондэмүн дизайн плазад энэ сарын 24-ний өдөр “Монгол - Хөх тэнгэрийн орон” хөдөлгөөнт гэрэл зургийн үзэсгэлэнг толилууллаа.

Эх орноо гадаадад сурталчлах цуврал үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, Байгалийн гэрэл зурагчдын нийгэмлэгийн үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Удирдах зөвлөлийн гишүүн Г.Ган-Өлзий нар үг хэллээ. Байгалийн гэрэл зурагчин Г.Ган-Өлзий нь Монголын байгаль, ховордсон ан амьтан, хотжилт зэргийг тольдон харуулсан шилдэг бүтээлүүдээрээ дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллаа.
Элчин сайд Э.Сарантогос “Монгол иргэд хамгийн ихээр оршин сууж, ажиллаж амьдарч буй БНСУ-аас уг үзэсгэлэн гараагаа эхлэж буй нь Монгол, Солонгосын харилцаа, хамтын ажиллагаа, иргэд хоорондын найрамдал, нөхөрлөлд Монгол Улсын Засгийн газар ач холбогдол өгч буйн илэрхийлэл юм. Хоёр улсын харилцааны чухал онцлог бөгөөд баялаг нь ард иргэд хоорондын найрамдалт хамтын ажиллагаа, ойр дотно нөхөрлөл тул үүнийг улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө түүх соёлоо сурталчилж, харилцан ойлголцол, итгэлцлийг улам бүр гүнзгийрүүлэх шаардлагатай. Энэ нь манай хоёр улсын Стратегийн түншлэлийн бат бэх үндэс суурь юм.” хэмээн онцлон тэмдэглэлээ.
 Монгол Улсын Засгийн газар 2022 оны 6 дугаар сараас солонгос иргэд Монгол Улсад визгүй зорчих шийдвэр гаргасан нь олон мянган солонгос иргэд Монгол Улсад аялах боломжийг бүрдүүлж чадсан. Цаашид иргэд харилцан зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр хоёр улсын Засгийн газар хамтарч ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж гадаадын иргэдийг эх орондоо зочилоход таатай нөхцлийг бүрдүүлэх, сурталчлан таниулахаар хүч чармайлт гарган ажиллаж байна. Энэ хүрээнд орчин цагийн технологийн хөгжил, гэрэл зураг, фото болон дижитал урлагаар дамжуулан Монгол Улсад ирж үзээгүй олон хүнд Монгол Улсыг харуулахаар зорьж буй цуврал үзэсгэлэнгийн эхний дугаар амжилттай болж өндөрлөлөө.
 Үзэсгэлэнгийн арга хэмжээнд солонгосын талаас БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ким Жон Гү, Дипломат корпусын төлөөлөл, БНСУ-ын Үндэсний Ассамблей, Гадаад хэргийн яам, орон нутгийн засаг захиргааны байгууллага, монгол судлаач эрдэмтэд, боловсрол, соёл, бизнес зэрэг бүхий л салбарын төлөөлөл оролцлоо. Үзэсгэлэнгийн үеэрх урлаг, соёлын арга хэмжээнд морин хуур, уртын дуу, зохиолын дуу, ардын бүжиг, сонгодог бүжгийн тоглолд багтсан бөгөөд БНСУ дахь Монгол соёлын төв хамтарч ажиллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.