БНАСАУ Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан.
БНАСАУ пүрэв гаргаас баасан гарагт шилжих шөнө Япон тэнгис рүү ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан талаар Японы Засгийн газар, БНСУ-ын цэргийнхэн мэдээллээ.
“Шөнийн 1:47 цагийн орчимд харвасан пуужинг Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна, эргээс ойролцоогоор 370 км зайд унасан гэж үзэж байна” гэж Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказү сэтгүүлчдэд мэдээлжээ.
Түүний хэлснээр, пуужин 650 км зайд ниссэн бөгөөд нислэгийн өндөр нь 50 км байжээ. Одоогоор нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл алга байна.
Мөн пуужин стандарт бус траектороор ниссэн байх магадлалтай байна гэж Х.Ясүказү хэлжээ.
БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, БНАСАУ Пёньян хот орчмын бүсээс 1:49 цагийн орчимд ойрын зайн тусгалт баллистик пуужин харвасан байна.
Пёньян сүүлийн үед ийм төрлийн туршилтыг удаа дараалан хийснээс энэ сарын эхээр Японы бүлэг арлуудын дээгүүр сүүлийн таван жилийн хугацаанд анх удаагаа пуужин харвасан юм.
Х.Ясүказү БНАСАУ-ын есдүгээр сарын сүүлээс хойших найм дахь удаагийн буюу урьд шөнийн туршилтын талаар хэлэхдээ, “огт хүлээн зөвшөөршгүй үйлдэл” гэдгийг тодотгожээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.