Г.Занданшатар: Улсын хилийн халдашгүй байдал алдагдсан мэтээр мэдээлж буй нь ташаа явдал
"Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай" УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан болон холбогдох албаны хүмүүс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр хоёр талын гэрээ, түүнчлэн НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэтээр ташаа мэдээлэл тарааж байгаатай холбогдуулан өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг хийж байна. Үндсэн хуульд "Монгол Улсын хил халдашгүй дархан байна” хэмээн заасан. Тэр дагуу Монгол Улсын хил халдашгүй дархан байна. Мөн Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд “Хилийн зурвас газрыг улсын тусгай хэрэгцээнд авна” хэмээн заасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчмын нутгийг тусгай хэрэгцээнд авсан УИХ-ын тогтоол батлагдсаныг мушгин гуйвуулж байна гэж үзэх үндэслэлтэй.
Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авна гэдэг нь хил орчмын бүс нутагт, хилийн зурвас газарт зөвшөөрөлгүйгээр газар эзэмших, өмчлүүлэх үйлдлийг таслан зогсоож, зөвхөн УИХ-аас шийдвэрлэдэг байх эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа явдал юм. Өмнө нь орон нутгийн түвшинд эл асуудлыг шийдвэрлэдэг байсан бол өдгөө хилийн дархан байдлыг хангаж УИХ хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авдаг болж байна” гэсэн тайлбарыг хийлээ.
Хил хамгаалах ерөнхий газрын дарга Х.Лхагвасүрэн энэ үеэр хэлэхдээ манай улс ОХУ болон БНХАУ-тай хилийн гэрээ байгуулж, НҮБ-д бүртгүүлсэн. НҮБ-д бүртгүүлсэн хилийг өөрчлөх боломжгүй болохыг мөн үеэр онцлов.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.