БНСУ-ын Сөүл хотын ойролцоох хурдны замд осол гарчээ
Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотын ойролцоох хурдны замд пүрэв гарагт гал гарсны улмаас таван хүн амиа алдаж, 37 хүн шархаджээ. Ёнхап агентлагийн мэдээлснээр, Сөүлээс өмнө зүгт орших Гвачон дахь хурдны хонгил замд энэхүү осол гарсан байна.
KBS-ийн мэдээлснээр, Сөүл хотын ойролцоох хурдны зам дээр орон нутгийн цагаар 13:49 минутын үед ачааны машинаас гал гарсан байна. Ингэснээр, Инчон хотыг Соннам хоттой холбосон Кёнины 2-р хурдны замын Гвачон дахь хонгил руу гал тархаж осол гарчээ. Өмнөд Солонгосын хэвлэлүүдийн хамгийн сүүлд мэдээлснээр, одоогийн байдлаар 5 хүний амь эрсдэн, 30 гаруй хүн шархадсан байна. Аврах ажиллагааны үр дүнгээс хамаарч амь үрэгдэгсдийн тоо цаашид нэмэгдэж магадгүй гэж эрх баригчид мэдэгджээ.
Мөн түймэрт 45 машин шатсан гэж албаныхан мэдэгджээ. Ослын газарт гал унтраах 94 автомашин, 219 албан хаагч болон нисдэг тэрэг ажиллаж, галыг хоёр цаг орчим хугацаанд бүрэн унтраасан байна. Ёнхап агентлагийн мэдээлснээр, эхний дүгнэлтээр автобус, ачааны машин хоорондоо мөргөлдсөний дараа гал гарч эхэлснээр гал туннел руу хурдацтай тархан их хэмжээний утаа үүсгэсэн байна. БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёоль, ослын голомтод сайтар судалгаа шинжилгээ хийхийг Засгийн газартаа үүрэг болгосон байна. Мөн тус улсын засаг захиргаа, үүнтэй төстэй осол давтагдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг яаралтай авч, хонгил зам болон түүнтэй төстэй байгууламжуудыг нэн даруй шалган ажиллахаа мэдэгдсэн байна. Ослын улмаас шархадсан хүмүүст эмнэлгийн бүрэн тусламж үзүүлэхээ мэдэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.