БНАСАУ шинэ оны эхний өдөр пуужин харважээ

БНАСАУ шинэ оны эхний өдөр пуужин харважээ

БНАСАУ Япон тэнгис рүү гурван баллистик пуужин харваснаасаа хойш нэг хоногийн дараа ням гарагт тус тэнгис рүү дахин баллистик пуужин харвасан талаар БНСУ-ын цэргийнхэн мэдээлэв.

"БНАСАУ сүүлийн хоёр өдөрт “зэрэг галлагч хэт том тийрэлтэт систем” туршсан бөгөөд бямба гарагт гурван сум байгаа оносон" гэдгийг Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ уламжилжээ.

БНСУ-ын Штабуудын дарга нарын хорооны мэдээлснээр, Пёньян хотын Рёнсон бүсээс 2:50 цагийн орчимд харвасан пуужин 400 гаруй км зайд нисэж далайд унасан байна.

БНАСАУ шинэ оны эхний өдөр пуужин харвах нь тун ховор тохиолдол юм. “KCNA” агентлаг зэрэг галлагч хэт том тийрэлтэт систем нь тактикийн зориулалттай цөмийн цэнэгт хошуу тээх чадалтай гэж мэдээлжээ.

Японы Батлан хамгаалахын сайд Хамада Ясүказүгийн мэдэгдсэнээр, пуужин 350 км зайд нисэж Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бөгөөд нислэгийн дээд өндөр нь 100 км байжээ. Нисэх онгоц, хөлөг онгоцонд ямар нэгэн хохирол учирсан талаар мэдээлэл байхгүй гэж Японы Засгийн газрын төлөөлөгч хэлсэн байна.  

Токиогийн засаг захиргаа Бээжин хот дахь Японы Элчин сайдын яамаараа дамжуулан сүүлд явуулсан туршилттай нь холбогдуулан БНАСАУ-д эсэргүүцэл илэрхийлсэн байна.

АНУ-ын Энэтхэг, Номхон далайн командлал мэдэгдэхдээ, эдгээр үйлдэл нь Пёньяны хууль бус үй олноор хөнөөх зэвсэг болон баллистик пуужингийн хөтөлбөрүүдийн тогтвортой байдлыг алдагдуулах үр дагаврыг тодоор харуулж байна гэдгийг онцолжээ.

Мөн БНСУ, Японыг батлан хамгаалах Вашингтоны үүрэг амлалт “төмөр мэт бат бөх хэвээр байгааг” цохон тэмдэглэсэн байна.

Японы Ерөнхий сайд Кишида Фүмио олон нийтэд шаардлагатай мэдээллийг түргэн шуурхай хүргэж, нисэх онгоц, хөлөг онгоцнуудын аюулгүй байдлыг хангаж, болзошгүй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхыг холбогдох албаныханд үүрэг болгожээ.

БНАСАУ өнгөрсөн онд НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчин түүхэндээ хамгийн олон буюу 37 удаагийн пуужингийн туршилт явуулсан байна

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.