БНСУ эдийн засгаа өсгөх зорилгоор экспортоо эрчимтэй нэмэгдүүлнэ.

БНСУ эдийн засгаа өсгөх зорилгоор экспортоо эрчимтэй нэмэгдүүлнэ.

БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сок Ёль шинэ оны мэндчилгээндээ эдийн засгаа өсгөх зорилгоор экспортоо эрчимтэй нэмэгдүүлэх зорилт танилцууллаа. Азийн дөрөв дэх том эдийн засаг Өмнөд Солонгос цөмийн цахилгаан станц, дэд бүтцийн бүтээн байгуулалт, батлан хамгаалах аж үйлдвэрлэл зэргийг экспортоо нэмэгдүүлэх шинэ хөшүүрэг болгохоор зорилт тавьжээ.

Тухайлбал, аж ахуй нэгжүүдээ бүтээгдэхүүнээ зах зээлд гаргах, гэрээ хэлэлцээр байгуулахад нь дэмжлэг үзүүлэх замаар экспортоо тэлэх аж. Тодруулбал, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч дэлхийн эдийн засгийн орчин муу байгаа ийм үед улс орныхоо эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхийн тулд экспортоо нэмэгдүүлэх нь нэн чухал гэдгийг шинэ оны мэндчилгээндээ онцолжээ.

Түүнчлэн Юн Сок Ёлын засгийн газар Мэдээллийн технологи, био, батлан хамгаалах, цөмийн аж үйлдвэрлэл, нүүрс төрөгчийн хийг саармагжуулах, урлаг соёлын салбарт StartUp гэсэн шинэ эрин үеийг эхлүүлэхээ амлаж байна.

БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёл: Миний бие экспортын бодлогодоо биечлэн оролцож, бүх дипломат хүчин чармайлтаа эдийн засаг руу чиглүүлэх болно. Гадаад зах зээлээс 50 хүртэлх тэрбум америк долларын захиалга авч байгаа бизнесийнхнээ дэмжих төслийг хэрэгжүүлнэ. Дэд бүтцийн бүтээн байгуулалт, цөмийн эрчим хүчний станцууд байгуулах, батлан хамгаалахын аж үйлдвэрлэл зэрэг салбараа экспортын шинэ хөдөлгүүр болгох болно. Худалдааны санхүүжилтийг 360 их наяд вон болгож, өмнө нь байгаагүй өндөр дүнд хүргэнэ. Бид Өмнөд Солонгос улсын экспортыг дэлхийн өнцөг булан бүрт хүргэн тэлэхийн тулд бодлогын бүхий л чадавхаа дайчлах болно.

Дэлхийн эдийн засгийн өсөлт удааширсан нь Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлтийг сулруулсан. Өнгөрсөн онд эрчим хүчний үнийн өсөлтөөс болж тус улсын худалдааны алдагдал гэхэд сүүлийн 14жилд анх удаа хамгийн өндөр хувьтай гарчээ.

Иймээс энэ хямралыг даван туулах гол түлхүүр нь гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ аль болох их хэмжээгээр гаргах явдал гэж Өмнөдийн засгийн газар дүгнэлтээ хийжээ. Тус улсын сангийн яам өнгөрсөн сард 2023 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг өмнө нь таамаглаж байсан 2,5 хувиас 1,6 хувь байхаар бууруулсан юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.