“Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталлаа.
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас энэ оны нэгдүгээр сарын 3-нд өргөн мэдүүлсэн “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлав.
Тогтоолын төсөлд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд Шинэ Хархорум хотыг байгуулахаар тусгасан. Орхон голын хөндий нь нүүдэлчдийн анхны төрт улс болох Хүннү гүрний Луут хот, Уйгурын Хар балгас, Тахай балгас хэмээх нийслэл хотууд сүндэрлэж байсан манай улсын түүх, соёл, төрт ёсны голомт нутаг юм.
Барилга, хот байгуулалтын яамнаас Орхоны хөндий орчимд хот байгуулалтын судалгааг үе шаттай хийж ирсэн аж. Тухайлбал, 2005 онд шинэ хотын байршлыг урьдчилсан байдлаар тогтоох судалгаа, 2006 онд нийслэлийн баримжаатай жишиг хотын экологи-хот байгуулалтын үнэлгээ, 2009 онд Хархорин, Эрдэнэзуу орчмыг хот төлөвлөлтийн орчин үеийн аргачлалаар жуулчдын төв хот болгон хөгжүүлэх хөтөлбөр, 2012 онд “Хангайн бүсийн тулгуур төв Хархорин хотын ирээдүйн төлөв, архитектур хот төлөвлөлт” судалгаа, 2022 онд Орхоны хөндийд шинэ хотын суурьшлын бүсийн байршлыг судлан сонгох, шинэ хот байгуулахад шаардлагатай техник, эдийн засгийн үндэслэлийг тус тус боловсруулсан байна.
Тогтоолын төслийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн тухай санал дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ж.Мөнхбат танилцуулсан юм. Байнгын хорооны хуралдаанаас тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжсэн нь энэ юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.