Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан
Б.Бат-Эрдэнэ: Б.Болдод газар олгоогүй, хауст нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.
Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамтай холбоотой олон нийтийн сүлжээнд гарч буй мэдээллүүдэд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ болон холбогдох газар, хэлтсийн дарга нар өнөөдөр /2023.03.16/ хариулт өглөө.
Тэрбээр "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар хэн нэгэн этгээдэд газар бэлэглэх ямар ч боломжгүй. Дуучин Д.Болд болон бусад 48 иргэнийн дунд Кёкүшюүзан Д.Батбаяр, Т.Баясгалан нар байсантай холбогдуулан өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал орчинд мэдээлэл тархсан.
Дуучин Д.Болдтой холбоотой асуудал бол газар олгогдсон олон иргэний дунд орсон асуудал. Гэхдээ түүнд 2.7 га газар олгоогүй. Өнгөрсөн цаг хугацаанд БОАЖЯ-наас аль болох газар олгохгүй байх чиг үүргийг баримталж ирсэн. Нөгөө талдаа олгох газар ч байхгүй юм билээ.
Сайдаар томилогдсоны дараахан Богдхан уулын дархан цаазат газар дээр 5,594 га газрыг Улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу Дархан цаазат газрын хамгаалалтын бүсэд албан ёсоор шилжүүлсэн. Ингэснээр тухай газар нутаг дахин ашиглагдах, мөн ашиглагдахаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээг авсан. 5,594 га газар нь өнөөдрийн түвшинд олгогдсон байгаа газрууд хүртэл буюу үл хөдлөх хөрөнгөжсөн, барилга байгууламж барьсан хэсэг хүртэл тулгаж олголт хийгдсэн. Түүний дотор талын хэсгүүд дээр тодорхой хэмжээний газар олголт давхар хийгдсэн.
2023 оны нэгдүгээр сарын 1-нээс Зөвшөөрлийн тухай хуулиар газрыг зөвхөн дуудлага худалдаа, сонгон шалгаруулалтаар олгох хууль хэрэгжиж эхэлсэн. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль буюу Дархан цаазат газрын хамгаалалт, байгалийн цогцолборт, байгалийн нөөц, дурсгалт хэмээх газруудтай холбоо бүхий газруудад дуудлага худалдаа гэдэг ойлголт байхгүй, өвхөн төслийн сонгон шалгаруулалт хэлбэрээр олгогдохоор байгаа юм.
Өнгөрсөн хугацаанд Богдхаан уулын 9 аманд цаашдаа газар олгохгүйгээр хориглосон. (Нүхтийн ам, Шажин уурхайн ам, Тайны ам, Залаатын зүүн богины ам, Энхтайваны ам, Манчирын ам, Богины ам, Ширдэгтийн ам, Чандманийн ам)
Дуучин Д.Болдтой холбоо бүхий асуудал дээр тайлбар өгөхөд тэрээр долоон жилийн өмнө Нүхтийн аманд хаус худалдаж авсан юм билээ. Тухайн худалдаж авсан хаустай холбоотой үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан.
Энэ бол зөвхөн дуучин Д.Болдын асуудал биш. Иргэний хууль, бусад холбогдох хууль тогтоомжийн дагуу Нүхтийн ам болон бусад амуудад Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээр баталгаажсан иргэдийн газар олголтыг хийсэн" гэв.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.