"Maxim Mocha Gold" кофег зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

"Maxim Mocha Gold" кофег зах зээлээс эргүүлэн татахаар болжээ

"Dong Suh Foods" компани Maxim Mocha Gold кофегоо зах зээлээс эргүүлэн татахаар болжээ. Тус компанийн үйлдвэрлэдэг Maxim кофег үйлдвэрлэх явцад силикон холилдсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн учраас тус кофенуудыг зах зээлээс эргүүлэн татахаар болсон байна. 

50 ширхэгтэй 600 граммаар савлагдсан найман төрлийн бүтээгдэхүүний зарим нь оруулах ёсгүй бодис агуулагдсан байж болзошгүй гэнэ. Тодорхой хугацаанд савлагдсан бүтээгдэхүүнүүдэд эрсдэл үүсээд байгаа учраас 2024 оны есдүгээр сарын 19-24-ний хооронд дуусах бүтээгдэхүүнүүдээ эргүүлэн татахаар болжээ. 

"Dong Suh Foods"-ийн Чанвон дахь үйлдвэрт кофе үйлдвэрлэх явцад тоног төхөөрөмжинд хэрэглэдэг силикон орсон байж болзошгүй гэнэ. Кофений үрийг усанд уусдаг болгодог уг үйлдвэрт гуравдугаар сарын 18-нд түүврийн аргаар шалгалт хийхэд зарим бүтээгдэхүүнээс силиконы хэлтэрхий илэрсэн хэмээн компанийн зүгээс мэдэгджээ. Кофенд агуулагдаж байгаа силикон нунтаг хэлбэрээр биш, харин 2-4 миллиметрийн хэмжээтэйгээр агуулагдаж байгаа гэв. Эдгээр хэлтэрхийнүүд нь усанд холих үед доош тунадаг учир энгийн нүдээр ялган таних боломжтой аж. 

Компанийн зүгээс чанарын асуудал гаргасандаа хүлцэл өчиж, дахин ийм төрлийн алдаа гаргахгүйн тулд тоног төхөөрөмж, чанарын шалгалтын ажлыг улам бүр идэвхжүүлнэ гэдгээ мэдэгдлээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.