“Байгаль орчин аялал жуулчлалын хөгжил” форум Архангай аймагт болж байна

“Байгаль орчин аялал жуулчлалын хөгжил” форум Архангай аймагт болж байна

Архангай 100” арга хэмжээний хүрээнд “Байгаль орчин аялал жуулчлалын хөгжил” форумыг Архангай аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна. Уг арга хэмжээний нээлтэд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн болон Ойн газрын дарга Б.Оюунсанаа оролцож салбарын асуудлаар мэдээлэл хийв. Форумаар байгаль орчин, аялал жуулчлалын салбарын тулгамдсан асуудлыг тодорхойлон, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх талаар мэдээлэл солилцох, гарц шийдлийг хэлэлцэх юм.

Архангай аймаг нь 55,3 мянган км.кв нутаг дэвсгэрийг хамардаг ба 19 сум, 95253 хүн амтай. Тус аймагт байгаль орчин, аялал жуулчлалын салбарын Сум дундын ойн ангид 15, БОАЖГ-т 52, Сумын БОХУБ-д 19, Байгаль хамгаалагч 26, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд 24, Ус цаг уур орчны шинжилгээний төвд 68, Орхон-Чулуут голын сав газрын захиргаанд 14 албан хаагч байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамгаалалт, хөгжүүлэлтэд ажиллаж байна.

Ойн сангийн хувьд 1.059.997 га ойн талбайтай, 106.725.320 шоометр нөөцтэй ба 76,3% болц гүйцсэн хөгширсөн ой, 21,5% болц гүйцэж яваа дунд насны ой, 2,2% залуу ой эзэлж байна. Архангай аймаг “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд 2021-2030 онд 20 сая мод тарих төлөвлөгөөтэй байгаа ба 2023 оны байдлаар 523 мянган мод сөөг тарьж, амьдралтын үр дүн 90,2 хувьтай байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн хувьд 2023 оны 4 дүгээр сарын байдлаар бэлчээрийн ургамал цухуйгаагүй, ургалтын байдал муу, хаваржилт хүнд байна. Цаашид Архангай аймагт цаг уурын өөрчлөлт ихэсч нийт нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг нь ямар нэг хэмжээгээр цөлжилтөд өртөх хандлагатай байгааг Цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.

Усны тоо бүртгэлийн хувьд 833 гол горхиноос 35 ширгэсэн, 838 булаг шандаас 32 ширгэсэн, 214 нуураас 15 ширгэсэн, 45 рашаанаас нэг нь байгаль цаг уурын нөлөөлөл болон хүний буруутай үйл ажиллагаа, бэлчээрийн даац хэтэрснээс үүдэж ширгэсэн байна. Иймд БОАЖГ болон Сав газар, хамгаалалтын захиргаад хамтран 87 булаг шандыг хашиж хамгаалах арга хэмжээ авч, ширгэсэн гол горхи, шандыг сэргээх ажлыг хийж байна.

Амьтан, ургамлын хувьд өнөөдрийн тоон мэдээллээс үзвэл 67 зүйл хөхтөн, 2 зүйл хоёр нутагтан, 2 зүйл мөлхөгч, 17 зүйл загас, 182 зүйл шувуу бүртгэгдсэн бол 946 зүйлийн ургамлаас нэн ховор ургамал 46 зүйл, ховор 78 зүйлийн ургамал бүртгэгдсэн байна.

Архангай аймаг Байгалийн нөөц ашигласны төлбөрийг 80 хувийн төлөлттэй байгаа нь бусад аймгуудтай харьцуулахад өндөр үзүүлэлттэй байна. Уг нөхөн төлбөрийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажилд зарцуулагддаг.

Эх сурвалж: БОАЖЯ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.