У.Хүрэлсүх: Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцлаа

У.Хүрэлсүх: Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцлаа

Монгол Улс, БНФУ-ын Ерөнхийлөгч нар Төрийн ордонд албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцсоны дараа хэвлэл мэдээллийнхэнд хандаж хэлэлцээний үр дүнгийн талаар мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

"Эрхэм хүндэт Ерөнхийлөгч Эммануэл Макрон,

Энд цугларсан хэвлэлийн төлөөлөгчид өө,

Та бүхэнд энэ үдшийн мэндийг дэвшүүлье.

Монгол Улсад төрийн айлчлал хийж буй БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронтой албан ёсны хэлэлцээ хийлээ. Албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, үр дүнтэй боллоо гэж дүгнэж байна. Монгол Улс нь Франц Улсыг манай гуравдагч хөрш, Европ дахь дотны итгэлт түнш хэмээн үздэг бөгөөд манай хоёр улс 1965 онд дипломат харилцаа тогтоосон. Харин манай хоёр улсын түүхэн харилцаа тэртээх 13 дугаар зууны үеэс эхлэлтэй. Тухайлбал, Францын есдүгээр Людовик хааны зарлигаар томилогдсон элч Рубрук 1253 онд Их Монгол Улсын Хархорумд ирж их хаанд бараалхаж байсан түүхтэй. Түүний бичиж үлдээсэн Монголын эзэнт гүрнээр аялсан тэмдэглэл нь дэлхий дахинаа алдартай. Энэ тэмдэглэлд Хархорум хотын хааны ордонд Францын уран дархан Вильгельм Бушьедын урласан мөнгөн модны тухай дурдсан байдаг нь манай хоёр улсын харилцаа эртний түүхтэйг нотолж байна.

Мөн Франц Улс нь манай улсыг НҮБ-д элсэх өргөдөл гаргахаас эхлээд тууштай дэмжиж, Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 1990-ээд оноос манай улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлтийг бүх талаар дэмжиж ирсэн улсуудын нэг юм. БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийж буй төрийн айлчлал нь манай хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны түүхэнд Францын талаас төрийн тэргүүний хувьд болж буй анхны түүхэн айлчлал болж буйгаараа онцлогтой болж байна.

Эрхэм хүндэт Ерөнхийлөгч танд Монголын ард түмний нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Бид албан ёсны хэлэлцээний үеэр Монгол-Францын харилцаа, хамтын ажиллагааны талаар болон олон улсын харилцааны тулгамдсан асуудлын талаар дэлгэрэнгүй санал солилцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хамтын хүчин чармайлт гарган ажиллахаа илэрхийллээ. Мөн хоёр улсын уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүрэх талаар ярилцлаа. Монгол Улс Европын холбоотой байгуулсан түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд Франц улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг тэлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын чухал стратеги, зорилтуудын нэг гэдгийг нотоллоо.

Бид уулзалт хэлэлцээний үеэр Францын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны хүрээнд хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг болсон харилцан ашигтай стратегийн томоохон төслүүдийг хамтран хэрэгжүүлэхээ нотлохын зэрэгцээ ХАА, байгаль орчин, гамшигтай тэмцэх, эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхээр тохиролцлоо.

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүрэг амлалтаа хэрэгжүүлэх зорилтын хүрээнд цөмийн энерги, сэргээгдэх эрчим хүчний салбарт хамтран ажиллах, мөн Монгол Улсын үндэсний хиймэл дагуулын хөтөлбөрийг Франц улстай хамтран хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн "Ойн дээд хэмжээний уулзалт"-аас гаргасан санаачилгатай уялдуулан хамтран ажиллахаар тохиролцлоо.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" зорилтын хүрээнд экспортын чиг баримжаатай хүнс, ХАА-н бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж, эрчимжсэн мал аж ахуй, хүнс, биотехнологийн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, шинэ техник технологи, нанохауг нэвтрүүлэх талаар хамтран ажиллахаар тохирлоо.

Энэ оны аравдугаар сард Франц улсын Үндэсний түүхийн музейд "Чингис хаан дэлхийг хэрхэн өөрчлөв" үзэсгэлэнг гаргахад Францын Засгийн газрын үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагаанд талархал илэрхийллээ.

Бид олон улсын харилцаа, олон талт хамтын ажиллагааны тулгамдсан олон асуудлаар ярилцаж, хүний эрх, ардчиллын зарчмуудад тулгуурласан хөгжил цэцэглэлт, феминист гадаад бодлого, тогтвортой хөгжлийг дэмжих НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд хувь нэмрээ оруулах, үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зэрэг үндэсний болон даян дэлхийн нийтлэг зорилтуудыг хэрэгжүүлэх хоёр орны хамтын ажиллагаа улам өргөжүүлэхээр боллоо.

Хүн төрөлхтөний спортын их наадам “Парис-2024” зуны олимпын наадмыг зохион байгуулах Францын ард түмэнд баяр хүргэж, амжилт хүслээ. Энэхүү төрийн айлчлалын үеэр хийсэн яриа хэлэлцээ, харилцан тохиролцсон асуудлуудаар гаргаж буй Монгол-Францын хамтарсан тунхаглал нь хоёр улсын цаашдын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах түүхэн ач холбогдолтой баримт бичиг боллоо гэж үзэж байна.

Эрхэм Ерөнхийлөгч танд болон Францын ард түмэнд сайн сайхныг хүсэн ерөөе. Хоёр орны харилцаа цэцэглэн мандах болтугай гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд олон улсын тусгай олимпод оролцох баг тамирчидтай уулзлаа 2023-05-19

Жолооны үнэмлэхтэй холбоотой асуудлаар бусдыг залилж байсан этгээдийг илрүүлжээ. 2023-05-19

Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд халдсан талаарх гомдлуудыг Хүний эрхийн дэд хороогоор нээлттэй хэлэлцэнэ 2023-05-19

БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирэв 2023-05-22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макронд бараалхлаа 2023-05-22

У.Хүрэлсүх: Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцлаа 2023-05-22

Ажлын байранд зуучилна гэх зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ 2023-05-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна 2023-05-24

Орон нутгийн нислэгийн үнэ долоодугаар сараас 50-70 хувийн хямдарна 2023-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2023-05-25

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ 2023-05-25