УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг өнгөрсөн гуравдугаар сард 200 дахь мэс заслаа амжилттай хийсэн бөгөөд өвчтөний биеийн байдал сайжраад байна.

Өвчтөн 47 настай эрэгтэй Б, элэгний B, D хавсарсан вирусний гаралтай элэгний хатуурал, элэгний эмгэгийн эцсийн шатанд орсон үйлчлүүлэгч аж. Түүнд төрсөн дүү нь донор болжээ. 

Тус эмнэлгийн Элэг шилжүүлэн суулгах баг 2009 онд байгуулагдаж, анхны мэс заслаа 12 жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 24-ний өдөр БНСУ-ын Асан анагаах ухааны их сургуулийн элэг шилжүүлэн суулгах багтай хамтран хийж байсан түүхтэй.

УНТЭ-ийн Гүйцэтгэх захирал, анагаах ухааны доктор Б.Хишигжаргал энэ мэс заслын үеэр “Элэг шилжүүлэн суулгах эмчилгээ нь орчин үеийн анагаах ухааны хөгжлийн томоохон үзүүлэлт юм. Манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах эмчилгээг хийж эхэлснээс хойш 200 дахь мэс заслаа амжилттай хийгээд байна. Энэ эмчилгээнд мэс заслын эмчээс гадна мэдээгүйжүүлэг унтуулгын эмч, лабораторийн, дүрс оношилгооны, дотрын эмч, сувилагч зэрэг олон хүнтэй баг оролцдог. Манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс заслыг долоо хоногтоо нэг удаа хийх хүчин чадалтай хэдий ч үйлчлүүлэгчийн хэрэгцээ, шаардлага их байгаа учраас менежментийг эмнэлэг дотроо хийж, аль болох шаардлагатай хүн бүрт мэс засал хийж байна. 2022 онд хийсэн мэс заслын тоо 2021 оныхоос даруй хоёр дахин их байна. Энэ нь эмч, мэргэжилтнүүдийн маань чадвар, зүтгэлийг харуулж байна. Цаашид бид Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог дэлхийн жишигт ойртуулахын тулд эмчилгээ, оношилгооны дэвшилтэт шинэ технологи нэвтрүүлэн ажиллах, хүний нөөцөө чадавхжуулах бодлого барин ажиллах болно” гэв.

Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч, АШУ-ы доктор, профессор О.Сэргэлэн: Монгол Улсын эрүүл мэндийн салбарт элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулаад 10 гаруй жил болж байна. Өнөөдрийн байдлаар бид 200 гаруй өвчтөний алтан амийг аварч, элэг шилжүүлэн суулгах өндөр технологийг эх орныхоо хөрсөнд бүрэн нутагшууллаа. Элэгний эмгэг эцсийн шатанд орсон өвчтөнийг бид өмнө нь эмчилж чаддаггүй байсан бол өнөөдөр дийлэнх хувьд нь мэс засал хийж, амийг нь аварч чаддаг болсон. Энэ нь УНТЭ-ийн хамт олны том гавьяа гэж хэлж болно. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэдий цар тахалтай хүнд хэцүү байсан ч элэг шилжүүлэн суулгах багийн хамт олон 80 орчим өвчтөнд мэс засал хийжээ. Цаашид бид Монгол Улсдаа судасны банктай болох, хос донороос элэг шилжүүлэг суулгах, нойр булчирхай шилжүүлэн суулгах зорилт тавин ажиллаж байна.

УНТЭ-ийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн дарга, мэс заслын тэргүүлэх зэргийн эмч Б.Бат-Ирээдүй: Бид 2011 онд анхны амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс заслыг БНСУ-ын Асан эмнэлгийн эмч нартай хамтран хийж байсан бол 2015 оноос хойш өөрсдөө бие дааж хийгээд 200 дахь мэс заслаа хийлээ. Анх О.Сэргэлэн багш элэг шилжүүлэн суулгах мэс заслыг хийнэ гэхэд эрчимт эмчилгээ ч байхгүй, цөсний хүүдийг ч авч чадахгүй хүмүүс яаж энэ эмчилгээг нутагшуулах вэ гэж ярьж байсан бол өнөөдөр бид энэ эмчилгээг эх орондоо бүрэн нутагшуулаад, дараагийн түвшний эмчилгээ, үйлчилгээг эх орондоо нутагшуулах зорилт тавин ажиллаж байна.

Төрийн соёрхолт, УНТЭ-ийн Мэдээгүйжүүлэг хагалгааны нэгдсэн тасгийн зөвлөх, элэг шилжүүлэн суулгах багийн гишүүн Д.Чулуунбаатар: Элэг шилжүүлэн суулгах мэс заслын мэдээгүйжүүлэг нь маш удаан үргэлжилдэг. Дунджаар 15-20 цаг орчим өвчтөнийг унтуулах, мэс заслын үед гарсан хүндрэл, эрсдэлд унтуулгын эмч бэлэн байх ёстой. 10 жилийн хугацаанд элэг шилжүүлэг суулгах баг маань элэг шилжүүлэн суулгах мэс заслыг олон төрлөөр хийлээ. Жишээлбэл, амьд донороос элэг шилжүүлэн суулгах, тархины үхэлтэй донороос элэг шилжүүлэн суулгах, баруун, зүүн дэлбэнг тайрах, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах, цусны бүлэг ондоо хүнээс хийх зэрэг маш олон төрлийг нутагшуулаад байна. Энэ эмчилгээг нутагшуулахад эмч, мэргэжилтнүүдээс гадна эмнэлгийн удирдлагуудын тусламж, дэмжлэг их байсныг мартаж болохгүй.

Төрийн соёрхолт, Хүний гавьяат эмч, УНТЭ-ийн Гастроэнтерологийн төвийн дарга, АУ-ы доктор О.Баярмаа:

Элэг шилжүүлэн суулгах мэс засалд элэгний эмч нар маш чухал үүрэгтэй оролцдог. Элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа өвчтөн болон доноруудыг үнэлэх болон сонгох, элэгний эмгэгийн төгсгөлийн шатанд байгаа үйлчлүүлэгчийг элэг шилжүүлэн суулгах мэс засалд бэлтгэх үйл ажиллагааг элэгний эмч нарын баг гүйцэтгэдэг. Элэгний эмгэг үүсэх үед элэг гэмтээд зогсохгүй, бусад бүх эрхтэн тогтолцоо буюу тархи, зүрх, бөөр, цус бүлэгнэлтийн систем гээд бүхий л эрхтэн тогтолцоо гэмтсэн байдаг. Тийм учраас эдгээр өвчнийг зөв тогтоож, мэс засал хийгх 12-16 цагийн хугацааг дааж гарах хэмжээнд өвчтөнийг бэлтгэдэг.

Тодруулга: Элэгний эмгэг нь эцсийн шатандаа орсон өвчтөний амь насыг аврах ганц арга нь элэг шилжүүлэн суулгах мэс засал байдаг. Элэг шилжүүлэн суулгах мэс засалд орсон өвчтөний нэг жил амьдрах хувь 93.6 хувь, 3 жил амьдрах чадвар 92,3 хувь, 5 жил амьдрах чадвар 92,3 хувь байгаа нь дэлхийн өндөр хөгжилтэй орны элэг шилжүүлэн суулгах бусад төвийн үзүүлэлтэй дүйцэхүйц хэмжээнд хүрчээ. Энэ нь УНТЭ-ийн Элэг шилжүүлэн суулгах багийн амжилт юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

У.Хүрэлсүх: Хоёр орны уламжлалт найрсаг харилцааг үе шаттайгаар ахиулж, стратегийн түншлэлд хүргэхээр ярилцлаа 2023-05-22

Ажлын байранд зуучилна гэх зард хууртахгүй байхыг сэрэмжлүүллээ 2023-05-23

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Саудын Арабын хаант улсад айлчилна 2023-05-24

Орон нутгийн нислэгийн үнэ долоодугаар сараас 50-70 хувийн хямдарна 2023-05-24

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа 2023-05-25

УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг 200 дахь мэс заслаа амжилттай хийжээ 2023-05-25

ОУХМ Г.Оргилболд алтан медаль хүртэж, дэлхийн хошой аварга боллоо 2023-05-25

Худалдаа, үйлчилгээ эрхлэхэд зөвшөөрөл шаардахгүй 134 төрлийн үйлчилгээний жагсаалт 2023-05-25

Цахим орчинд өөрийн аюулгүй байдлыг хангах зөвлөмж 2023-05-25

Халхын Цогт хунтайжийн хадны бичээс ЮНЕСКО-д бүртгэгдлээ 2023-05-25

ЦХХХ-ны сайд Н.Учрал 5 төрлийн тусгай сангийн мэдээллийг ил болголоо 2023-05-26