Tesla компани хүн дүрст шинэ робот болох Optimus Gen 2-ыг танилцууллаа

Tesla компани хүн дүрст шинэ робот болох Optimus Gen 2-ыг танилцууллаа

Америкийн Tesla компани хэврэг эд зүйлстэй харьцдаг, гал тогооны өрөөнд туслахын үүрэг гүйцэтгэдэг төдийгүй бүжиглэж чаддаг хүн дүрст шинэ робот болох Optimus Gen 2-ыг танилцууллаа. Уг роботыг харуулсан бичлэгийг олон нийтийн Х (хуучнаар Twitter) сүлжээнд нийтэлсэн байна.

Роботын эх загварыг Илон Маск 2022 оны аравдугаар сард танилцуулж байсан юм. Түүний хэлснээр, энэ робот 5-10 жилийн дараа төгс төгөлдөр болох ажээ.

Optimus Gen 2 нь тэнцвэрээ хадгалдаг, гэрийн ажилд тусалдаг зэргээрээ өмнөх роботоос илт давуу болжээ. Робот гараараа өндгийг хэрхэн болгоомжтой авч байгаа нь бичлэг дээр харагдаж байлаа. 

Роботыг мэдрэлийн сүлжээнүүд ашиглан явуулдаг цогц сургалтад хамруулснаар объектуудыг бие даан ангилах зэрэг олон ажлыг гүйцэтгэж чаддаг болсон байна.

Хоёр дахь үеийн Optimus-ыг Tesla-д зохион бүтээсэн мэдрэгчүүдээр тоногложээ. Уг робот одоо 30 хувиар илүү хурдан алхаж чаддаг болсон ба өмнөх загвараас 10 кг-аар хөнгөн гэнэ.

Эх сурвалж: Montsame.mn

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.