Путин: Украин руу явуулах цэргийн довтолгоогоо эрчимжүүлнэ

Путин: Украин руу явуулах цэргийн довтолгоогоо эрчимжүүлнэ

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Даваа гарагт Москвагийн цэргийн эмнэлэгт айлчилсан байна. Тус айлчлалынхаа үеэр Путин Украин руу явуулах цэргийн довтолгоогоо эрчимжүүлнэ гэж амласан байна. Украины агаарын хүч өнгөрсөн долоо хоногийн Бямба гарагт ОХУ-ын Белгород хотын дээрээс бөмбөгдсөний улмаас 25 хүн амь үрэгдсэн гэж оросын тал мэдээлсэн юм. Ерөнхийлөгч Путин энэ дайралтыг энгийн ард иргэдийн эсрэг санаатай үйлдсэн хэрэг гэж үзэж байгаагаа илэрхийлж, удаан хугацааны турш үргэлжилж байгаа энэ дайныг өндөрлүүлэхийн төлөө довтолгоогоо эрчимжүүлнэ гэсэн утга санаа бүхий байр суурь илэрхийлсэн байна.

Ерөнхийлөгч Путин довтолгоогоо эрчимжүүлэх талаар цэргүүдэд хандаж илэрхийлснээс гадна дайны үйл явц Москвагийн талд эргэсэн гэж мэдэгдсэн. Мөн ОХУ-ын зүгээс 22 сар үргэлжилж байгаа дайныг дуусгахад Украинд тусалсаар байгаа барууны орнуудын дэмжлэг хамгийн том саад тотгор болж байна гэж илэрхийлсэн юм. Орос улс дайнд ялж байгаа гэсэн мэдээлэл зөвхөн Оросын өнцгөөс харсан байр суурь гэж барууны бусад ажиглагчид үзэж байна. Украины ерөнхийлөгч Зеленский Даваа гарагт АНУ-ын The Economist сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Орос улс дайнд ялж байгаа гэдэг нь ердөө удирдагчид нь төрж байгаа бодол гэсэн байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр мөн өнгөрөгч 2023 онд ОХУ-ын цэргийн хүч Украины нэг ч хотыг эзэлж авч чадаагүй гэж онцолсон байна. Ерөнхийлөгч Зеленскийн онцолсон бас нэг зүйл нь барууны орнуудын Украинд чиглэсэн тусламж дэмжлэг удааширч байгаа нь сэтгэл гонсойлгох гол асуудал болоод байгааг ярилцлагынхаа үеэр дурдсан юм. Дайтагч хоёр талын удирдагчид эдгээр мэдэгдэл, ярилцлагаасаа өмнөхөн шинэ оны мэндчилгээ дэвшүүлж, ирэх оны зорилгоо тодорхойлсон. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын армийн цэргүүдийг баатарлаг гавьяатай гэж цоллосон бол Украины ерөнхийлөгч Зеленский 2024 онд зэвсгийн үйлдвэрлэлээ огцом нэмэгдүүлж, 1 сая дрон үйлдвэрлэнэ гэж амласан байна. Хоёр улс өнгөрсөн хэд хоногт харилцан идэвхтэй довтолж, хохирлын хэмжээ нь ч ижилхэн нэмэгдсээр байна. Украины тал Бямба гарагт Оросын Белгород хотыг бөмбөгдсөнөөс гадна 12-р сарын 31-ний өдөр Оросын эзэлсэн Донецк хотыг бөмбөгдөж, 4 хүн амь үрэгдсэн гэсэн мэдээлэл байна. Өнгөрсөн долоо хоногт мөн Оросын арми Украин даяар хэд хэдэн хотыг бөмбөгдсөний улмаас багадаа 45 хүн амь эрсэдсэн гэж Киевийн зүгээс мэдээлжээ.  

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.