ӨНӨӨДРӨӨС МӨРДӨГДӨХ ШИНЭ ХУУЛИУД...
2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хуулиудыг хүргэе.
-Нэг: Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянга болно-
2024 оны нэгдүгээр сарын нэгнээс он гарснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг болно.
Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны аравдугаар сарын 13-ны 12 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 660.0 мянган төгрөгөөр шинэчилсэн юм.
100 мянга гаруй хүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг.
-Хоёр: Малчдын НДШ-ийн 50 хувийг төр төлнө-
60 сарын дунджаар тэтгэвэр тогтоох бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлийн хоёр хувийг дансанд байршуулна. Үүнээс гадна малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувийг төр хариуцна.
-Хоёр: Хувиараа хөдөлмөр эрхлэгч ХХОАТ 1 хувь төлнө-
Татварын тухай хуулиар хувиараа хөдөлмөр эрхлэгчид хувь хүний орлогын албан татварын нэг хувийг төлөх боломжтой. ХХОАТ-ын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр хувь хүний орлогын албан татварын 10 хувь нэг хувь болох заалт тусгасан.
Өмнө нь байгууллага олсон орлогоосоо зардлаа хасаад үлдсэн дүнгийн 10 хувийг татварт төлдөг байсан. Тэгвэл үйл ажиллагааны орлоготой буюу хувиараа бизнес эрхэлж буй хүн орлогоосоо 10 хувийн татвар төлдөг байсныг нэг хувь болгож бууруулсан гэсэн үг. Ингэснээр зах худалдааны төв болон малчид НӨАТ-ын олгохгүй байна гэсэн асуудал буурна.
Татварын ерөнхий газрын бааз мэдээлэлд 16 наснаас дээш 2.5 сая орчим иргэнийг татвар төлөгчөөр автоматаар бүртгэгджээ.
-Гурав: Багш нарыг орон сууцжуулахад төрөөс дэмжинэ-
Боловсролын багц хуулийн төсөл хэрэгжиж эхэлнэ.
Эл хуульд, Төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, сургуульд 15-аас доошгүй жил тасралтгүй ажилласан багшийн 1 хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулна.
Амьдрах нөхцөлөө сайжруулах, орон сууцжуулахад төрөөс дэмжлэг үзүүлнэ.
-Дөрөв: Намуудын санхүүжилт ил тод болно-
Өнгөрсөн долдугаар сарын 7-нд буюу наадмын өмнө баталсан УЛС ТӨРИЙН НАМЫН ХУУЛЬ хэрэгжиж эхэлнэ.
Нам өөрийн дүрэм, хөтөлбөр, дотоод зохион байгуулалтыг Улс төрийн намын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-тай нийцүүлэх арга хэмжээг 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зургаан сарын дотор авч хэрэгжүүлэх бөгөөд уг өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд 30 хоногийн дотор хүргүүлнэ.
Улсын Их Хурлын ээлжит, эсхүл ээлжит бус сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн нийт сонгогч /цаашид "нийт сонгогч" гэх/-ийн тоог нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 0.7 хувиар үржүүлснээс илүүгүй төгрөгийг улсын төсвөөс намуудад энэ хуульд заасны дагуу хуваарилах замаар төрийн санхүүжилт олгоно. Нийт сонгогчийн нэг ба түүнээс дээш хувийн санал авсан намд төрийн санхүүжилт олгоно.
Намын нэг жилд өөрийн хөрөнгө, түүнээс олсон орлого нь тухайн намд олгосон төрийн санхүүжилтийн 50 хувиас ихгүй байна шинэ хуульд заасан. Мөн санхүүгийн ил тод байдлыг тайлагнахыг Улс төрийн намын тухай хуульд тусгасан.
-Тав: Сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна-
Сонгуультай холбоотой намын бодлого тодорхойлох түвшинд нэг хүйсийн төлөөлөл 40 хувь байна. Харин УИХ-ын Сонгуулийн тухай хуульд сонгуулийн сурталчилгаа 14 хоног байна гэж заасан.
Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно.
Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 126 гишүүнийг дараах байдлаар сонгоно:
Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар;
Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар.
-Зургаа: Хотын татварууд нэмэгдэнэ-
Х.Нямбаатар Хотын дарга болуутаа Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан.
Иргэн, хуулийн этгээд торгох шийтгэл,
Замын хөдөлгөөний төлбөртэй бүс болон авто зам, замын байгууламж ашигласны төлбөр,
Нүүрсхүчлийн хийн хэрэглээнд шууд ногдуулдаг татвар бол агаарын бохирдлын төлбөр. Энэ төлбөрийг хоёр дахин нэмнэ.
Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хугацаанд нь төлөөгүй, техникийн хяналтын үзлэг, оношилгоонд ороогүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглоно.
Энэ хууль ирэх оны 8-ны даваа гарагаас хэрэгжиж эхэлнэ.
-Долоо:
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга УИХ-ын хаврын чуулганаар өнгөрсөн долоодугаар сарын 7-нд эцсийн хэлэлцүүлгийг хийж баталсан. Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ.
Төмөр замын тээврийн тухай хууль нь анх 2007 онд батлагдсан. 16 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт олон өөрчлөлт бий болсонтой холбоотойгоор уг хуулийг шинэчлэх шаардлага үүссэн.
Тухайлбал, төмөр замын салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо эрс өссөн юм.
Шинээр батлагдсан хуулиар өмнөх хуулийн төсөлд тодорхойгүй байсан төмөр замын нийтийн зориулалттай болон тусгай зориулалтын зам, салбар замын өмчлөл, эзэмшлийн асуудлыг тусгасан.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.