Монголын улс төрд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
Үндэсний аудитын газарт 15 нам, дөрвөн эвсэл мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу 15 нам, дөрвөн эвсэл 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцохоор мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ.
Хуулийн дагуу улс төрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэх хугацаа энэ сарын 25-нд дууссан юм. Монгол Улсад бүртгэлтэй 35 намаас 15 нам бие даан өрсөлдөхөөр мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна. Мөн мөрийн хөтөлбөрөө ирүүлсэн “Сахигтун-Үндэсний хуулийн 19” эвсэлд хоёр, “Шинэ эвсэл”-д дөрөв, “Зөв хүн-Электрад” эвсэлд гурав, “Та бид” эвсэлд гурван нам нэгджээ.
Үндэсний аудитын газраас нам, эвслийн мөрийн хөтөлбөр Монгол Улсын Хөгжлийн үзэл баримтлал, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцсэн эсэхэд хяналт хийх юм. Аудитын дүгнэлтийг ирэх сарын 25-наас өмнө гаргаж, Эдийн засгийг савлуулахгүй, төсвийн ачааллыг нэмэхгүй байх зэрэг шаардлагыг хангаагүй бол мөрийн хөтөлбөрийг тухайн нам, эвсэлд буцаах аж. Мөрийн хөтөлбөрөө хуульд нийцүүлээгүй, эдийн засгийн үндэслэл тооцоогүй боловсруулсан бол аудитад нийцээгүй гэсэн дүгнэлт гаргаж, СЕХ-нд хүргүүлэх аж. Үүнийг үндэслэн СЕХ тухайн нам, эвслийг сонгуульд оролцуулах эсэхийг шийдвэрлэх юм.
"COVID-19"-өөс сэргийлэхэд олон улсын байгууллагуудаас санхүүгийн дэмжлэг авна
Засгийн газрын энэ сарын 25-ны ээлжит хуралдаанаар “COVID-19" халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах бэлэн байдлыг хангах” төлөвлөгөөний хүрээнд Дэлхийн банк, Олон улсын хөгжлийн ассоциаци, Олон Улсын сэргээн босголт, хөгжлийн банктай зээлийн хэлэлцээр байгуулах нь зөв хэмээн үзэж, УИХ-ын байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтов.
Халдвартай тэмцэхэд зориулан Дэлхийн банкнаас улс орнуудад 14 тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Монгол Улс эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай байгаа эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нийлүүлэх 26.9 сая ам.долларын өртөг бүхий төслийн Санхүүжилтийн хэлэлцээр байгуулах аж.
Харин Олон улсын хөгжлийн ассоциациас 13.1 сая ам. долларын хөнгөлөлттэй зээл авах бөгөөд зээлийн хүү жилийн 1.25 хувь, Хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5 хувь, Үйлчилгээний хураамж 0.75 хувь байх аж. Харин Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банктай 13.8 сая ам.долларын зээлийн хэлэлцээр хийхээр төлөвлөж байна.
Биокомбинат УТҮГ-ыг шинэчилнэ
Монгол Улсын Засгийн газар, Унгар улсын Засгийн газрын Санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 57 сая ам.долларын зээлийн хөрөнгөөр Биокомбинат УТҮГ-ыг шинэчлэхээр болсон. Засгийн газрын энэ сарын 25-ны ээлжит хуралдаанаар, уг хэлэлцээрийн дагуу тусгайлсан гэрээ байгуулах эрхийг холбогдох хүмүүст олгож Ерөнхий сайд захирамж гаргалаа.
Монгол Улсын Засгийн газраас “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх нь зүйтэй хэмээн үзэж, Унгар улсын Засгийн газартай Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай хэлэлцээрийг анх 2016 онд байгуулж, төслийн төсөвт өртгийг нийт 25 сая ам.доллароор тогтсон. Улмаар 2019 онд төслийн төсөвт өртгийг 57 сая ам.доллар болгон нэмэгдүүлсэн. Зээлийн хэлэлцээрийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсныг батламжилж Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Унгар Улсаас Монгол улсад суугаа элчин сайд Михай Галошфай нар гарын үсэг зурсныг ноднин 12 дугаар сард УИХ-аас соёрхон баталсан юм. Дээрх тусгайлсан гэрээг Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн яам, Унгар Улсын Засгийн газрыг төлөөлж Унгарын Экспорт-Импорт банк хооронд байгуулах юм. Ингэхдээ, Зээлийн хугацаа 17.5 жил бөгөөд нэн хөнгөлөлттэй буюу хүүгүй, үндсэн зээлийн төлбөрөөс эхний дөрвөн жил чөлөөлөгдөх аж.
“Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн хүрээнд Олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусний гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглоно. Үйлдвэрийн хэвийн найдвартай тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, энерги хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчний сургалт, дадлагажуулах зэрэг ажил хийх юм.
Манай улс сүүлийн гурван жилд шүлхий өвчнөөс сэргийлэх вакцин 19.7 сая/тун, бог малын мялзангаас сэргийлэх вакцин 32.3 сая/тун, хонийг цэцэг өвчнөөс сэргийлэх вакцин 23.6 сая/тун гадаадаас импортолж нийт 7,5 сая ам.доллар зарцуулжээ. Биокомбинатыг шинэчилж үйлдвэр байгуулснаар гадагшаа чиглэж буй энэхүү валютын урсгалыг зогсоож, дотооддоо шүлхий, мялзан, цэцэг өвчнөөс сэргийлэх вакцинаар бүрэн хангахаас гадна экспортлох боломж бүрдэх юм.
Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын сонгуулийг хойшлуулах нь зүйтэй гэж үзэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 26-нд ард түмэндээ хандан зургаан зүйл бүхий уриалга гаргалаа. “Сүүлийн үед коронавирусний тахал, нефтийн үнийн уналт, дэлхийн санхүүгийн зах зээлийн уналтаас үүдэн эдийн засагт даяар хямрал нүүрлэн ирлээ гэж дэлхийн бараг бүх эдийн засагчид дүгнэж, Засгийн газрууд нүүрлэн буй хямралын цохилтыг зөөлрүүлэх, даван туулахад бүхий л хүч анхаарлаа тавьж эхэлснийг уриалгын эхэнд онцолжээ. Монгол Улс эдийн засгаа хямралын нөхцөлд зохицуулан зөв зохион байгуулж чадвал түүнийг гарз хохирол багатай даван туулах баялаг, хүн хүч, хөрөнгийн нөөц хангалттай байгаа гэдгийг мөн дурдсан байна.
Ерөнхийлөгч нэн түрүүнд дараах арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн байна.
Нэг. Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.
Хоёр. Энэ удаагийн УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.
Гурав. Хямралын үед хамаг хүндрэл бэрхшээлийг үүрэн гарах үйлдвэр, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.
Дөрөв. Нийт иргэд, ялангуяа хүүхдийн амьжиргааны түвшинг хэвээр хадгалах, тэтгэх, ажилгүйдлийг бууруулах, түүнээс ирэх цохилтыг зөөлрүүлэх, иргэдээ наад захын хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.
Тав. Энэ асуудлыг Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөлөөр хэлэлцэж, хямралд бэлтгэж, түүнийг даван туулах эрдэмтэн мэргэжилтнээс бүрдсэн цомхон бөгөөд чадварлаг комиссыг (хороо) нэн яаралтай байгуулж, ажлын төлөвлөгөө, хуваарь гаргах.
Зургаа. Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх. Ташрамд дурдахад, энэ бол дарангуйлал огтхон ч биш, зайлшгүй авах шаардлагатай арга хэмжээ юм.
УИХ-ын хаврын чуулганыг цахимаар зохион байгуулна
УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын 2020 оны хаврын ээлжит чуулганыг цахимаар зохион байгуулах шийдвэр гаргажээ. Хаврын ээлжит чуулган хуулийн дагуу ирэх сарын 6-нд эхлэх бөгөөд УИХ-ын Тамгын газар цахимаар хуралдах бэлтгэлийг хангаж байна.
Тодруулбал, чуулганы нээлтийг 4-5 танхимд зэрэг явуулах, нэгдсэн хуралдаан болон байнгын хороо, ажлын багийн хуралдааныг танхимд зохион байгуулахаас гадна УИХ-ын гишүүдийг зайнаас оролцох боломж бүрдүүлэхээр ажиллаж байгаа аж. Танхимд хуралдсан тохиолдолд гишүүд хоорондын зайг 2-3 метрт байлгах, нэг дор 20-иос илүү гишүүн цуглуулахгүй байхаар зохион байгуулах юм. Түүнчлэн гишүүдийн ирцэд бүртгүүлэх, санал хураалтад цахимаар оролцох нөхцөлийг хангахын тулд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд холбогдох өөрчлөлт оруулах асуудал ч яригдаж байгаа юм.
Ташрамд дурдахад, "COVID-19" халдвартай холбогдуулан гадаад орнуудын парламент хуралдааны тоогоо багасгах, хойшлуулах, цахимаар хуралдах зэрэг шийдвэр гаргаж эхэлсэн. Тухайлбал, Европын парламент байршлаа өөрчилж Францын Страсбург хотоос Бельгийн Брюссель рүү шилжиж байгаа бөгөөд энэ сарын 26-нд болох хуралдаанаа зайнаас явуулж, цахим шуудангаар санал хураалт хийхээр шийдвэрлэсэн байна. ХБНГУ, Австрали, Норвеги, Итали, Их Британи, Голланд, Шинэ Зеланд, Польш, Эстонийн парламентууд хуульдаа өөрчлөлт оруулж, онцгой нөхцөлд хуралдах шинэ дэг бий болгох, тодорхой хязгаарлалт тогтоох горимоор ажиллаж байгаа бол БНХАУ, Иран, Испани, Франц, Канад, Филиппин хуралдаанаа хойшлуулах буюу түр зогсоогоод байна.
Иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгалаа
УОК-ын энэ сарын 26-ны хуралдаанаар, шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор халдварын сэжигтэй иргэдийг тусгаарлах хугацааг 21 хоног болгохоор шийдвэрлэлээ. Ингэснээр тусгай нислэгээр ирсэн иргэдийг тусгаарлах хугацаа 7 хоногоор сунгагдаж байна.
ДЭМБ болон олон улсын байгууллагаас хийсэн хамгийн сүүлийн судалгаагаар, шинэ коронавирусний нууц үе 14 биш 5.5-19 хоног байгааг тогтоожээ. Тиймээс тусгаарлах хугацааг сунгахын сацуу гурван тусгай нислэгийн хоёрыг нь явуулахаар шийдвэрлэжээ. УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дарга Т.Бадрал, "Сүүлийн дөрвөн тусгай нислэгээр мянга орчим иргэн ирж тусгаарлах байранд орсон. Тэдний тусгаарлах хугацааг 7 хоногоор сунгалаа. Учир нь дараагийн нислэгээр ирэх хүмүүсийг тусгаарлалтад авахад тусгаарлах байрны хүрэлцээ бага байна. Тиймээс эхний ээлжинд хоёр тусгай нислэгийг хүлээн авахаар шийдвэрлэлээ" хэмээв.
Мөн гадаадаас ирж тусгаарлагдаж байгаа иргэд дотооддоо нэг нэгэндээ халдвар тараах эрсдэл байгаа тул хүн тус бүрийг нэг өрөөнд тусгаарлах шаардлага байгааг УОК-ын хуралдаанд ЭМЯ-ны дэвшүүлсэн саналыг дэмжсэн байна. Одоогоор тусгаарлалтад байгаа иргэд нэг өрөөнд 2-4 хүн байрлаж байгаа юм. Тусгаарлах хугацаа сунгасантай холбогдуулан тусгаарлах байрны төлбөрийг 350 мянгаар нэмж, нэг сая 50 мянга болсныг мэдээлэв. Харин өмнө нь тусгай нислэгээр ирж тусгаарлагдсан хүмүүсийн 350-500 хүртэл сая төгрөгийн нэмэлт зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар тогтлоо.
Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэг энэ сарын 2-нд, Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлд энэ сарын 3-нд тус тус захиалгат нислэг үйлдэнэ. Тус нислэгээр Монгол Улсад ирэх иргэдэд шинэ коронавирусний шинжилгээнд хамрагдсан бөгөөд халдвар аваагүй байх, тусгаарлах байрны нэг сая 50 мянган төгрөгийн төлбөрөө төлсөн, ирээд 21 хоног дэглэмийн дагуу тусгаарлалтад байх шаардлагыг тавина. Мөн нислэгийн баг бүрэлдэхүүнд мэргэжлийн эмч сувилагч нарыг илгээж зөөврийн, түргэн оношлуураар нислэгийн явцад оношилгоо хийх зэрэг арга хэмжээг авч ажиллах аж.
Хүн тус бүрийг нэг өрөөнд тусгаарлах болсонтой холбогдуулан зочид буудал, аж ахуйн нэгжүүдтэй дайчилгааны хуульд зааснаар хамтран ажиллах боломжийг судалж, албан бичиг хүргүүлнэ хэмээн мэдэгдлээ.
У.Хүрэлсүх: Засгийн газраас 5 их наяд төгрөгийн долоон арга хэмжээ хэрэгжүүлнэ
Монгол Улсын Засгийн газрын энэ сарын 27-ны хуралдаанаар шинэ коронавирусний цар тахлын үед хүндэрч байгаа эдийн засгаа дэмжих зорилгоор таван их наяд төгрөгийн санхүүжилттэй долоон арга хэмжээ төлөвлөснийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр мэдээлэв.
Шинэ коронавирусний халдвар дэлхийн 201 улсад бүртгэгдэж, 530 мянган хүн өвчилж халдварын улмаас 23 970 хүн амиа алдсан байна. Манай улсын хэмжээнд 11 хүн өвчилсөн ч эрүүл мэндийн салбар амжилттай эмчилж байгааг Ерөнхий сайд мэдээллийн эхэнд онцоллоо. Мөн урьдчилан сэргийлэх ажлыг эрчимтэй авч хэрэгжүүлсний үр дүнд Монгол Улс харьцангуй тайван байгааг тэмдэглэв. Гэхдээ иргэн бүр сонор сэрэмжээ нэмэгдүүлж хорио цээрийн дэглэмийг мөрдөх ёстойг анхаарууллаа.
Тэрбээр, “Засаглах цаг болсон гэж мэргэжлийн байгууллагад чиглэл өгч байна. Энэ бол улс, үндэстний аюулгүй байдал. Шуудхан хэлэхэд бид үхэх үү, сэхэх үү дээр тулсан. Халдварын тохиолдлыг бүрэн хяналтдаа авч, цааш нь дэлгэрүүлэхгүй байх арга хэмжээг авч ажиласныг ДЭМБ-аас үнэлж байна” хэмээв.
Шинэ коронавирус БНХАУ-д дэгдсэнээс хойш Монгол Улсын Засгийн газар нэн шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, ариутгал халдваргүйтгэлийн бодист 17 тэрбум төгрөгийг нөөц сангаасаа гаргажээ. Мөн шаардлагатай 20.6 тэрбум төгрөгийг дахин шийдвэрлэсэн. Дээр нь нэмээд 159 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл зэргийн санхүүжилтийг холбогдох байгууллагад нь шийдэж өгөхөөр болсныг Ерөнхий сайд мэдээлэлдээ цохон тэмдэглэв.
Ингээд Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлыг тэрбээр танилцууллаа.
1. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл аж ахуйн нэгж, компаниудын нийгмийн даатгалын шимтгэлийг бүрэн чөлөөлөв.
2. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл иргэдийн цалин хөлснөөс авдаг орлогын албан татварыг бүрэн чөлөөлөв.
3. Дөрөвдүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүдийг орлогын албан татвараас бүрэн чөлөөлөв.
4. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд орлого нь багасаж байгаа ч ажлын байр хадгалж байгаа хувийн байгууллагын ажилтан бүрт 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд олгоно.
5. Малчдыг дэмжих зорилгоор, ноолуур худалдан авах аж ахуйн нэгжүүдэд 300 тэрбум төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл олгоно. Ингэхдээ ноолуурын үнийг 100 мянган төгрөгөөс багасгахгүй байх чиглэлийг баримтална. Ингэснээр 233 мянган малчин өрх, цаашлаад сая гаруй хүний амьдралыг тэтгэх боломж бүрдэнэ гэдгийг Ерөнхий сайд мэдээллийн үеэр цохон тэмдэглэв.
6. Бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан 18 хүртэлх насны хүүхдэд олгодог 20 мянган төгрөг дээр нэмж 10 мянган төгрөгийг гурван сарын хугацаанд олгоно.
7. Шатахууны үнийг дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн литр тутамд 300-400 төгрөгөөр хямдруулах чиглэлээр АМГТГ болон холбогдох яаманд арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болгосон хэмээн танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар хаврын тариалалтыг дэмжиж ажиллахын зэрэгцээ төсвийн тодотгол хийж, томоохон төсөл хөтөлбөрөө цуцлахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээллийн үеэр тэмдэглэв. Тэрбээр, “2016 онд маш хүнд нөхцөл байдлыг бид хүлээж авсныг дурсах нь зүйтэй. Дөрвөн жилийн хугацаанд бололцоотой бүх арга хэмжээг авч ажиллалаа. Тухайлбал, сүүлийн 2-3 жил эдийн засаг 6 хувь гаруйгаар өссөн. Түүнчлэн 8.2 их наяд төгрөгийн их өрийг төлж барагдуулсан. Газрын тосны үйлдвэр барих, Улаанбаатар хотын утаа, авто замууд, төв цэвэрлэх байгууламж зэрэг олон жил ярьсан том төслүүдийг хэрэгжүүлж байна. Үргэлжлүүлэх шаардлагатай олон улсын байгууллагатай хамтарч буй зарим ажил гацаж байгаа. Төсвийн тодотгол хийж бүтээн байгуулалтыг танах санаачилга нийтийн дунд байна. Үүнд бид хүндэтгэлтэй хандаж судалж байгаа ч цаана нь ажлын байр үгүй болох эрсдэлтэй. Сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих ёстой. Жилд 80 мянган хүүхэд төрж, 50 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгт орж байна. Хүн ам өсөхийн хэрээр бидэнд шинэ бүтээн байгуулалт хэрэгтэй болно. Эдгээр төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажил зогссоноор аж ахуйн нэгжүүдээ дампууруул руу түлхэх, эдийн засагт илүү эрсдэл учирна. Тиймээс төсвийн зардлыг хэвээр нь гаргах нь зүйтэй” хэмээв.
"Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр алдагдалтай явж байна. Таван их наяд төгрөгийн дээрх арга хэмжээнүүдийг Засгийн газрын төрийн сангийн мөнгөн хөрөнгийг удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн хэмжээгээр нь шийдэхээр төлөвлөсөн" гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар онцлон тэмдэглэв. Мөн ханш, имфляцийн түвшинд өөрчлөлт гарахгүй гэлээ. Учир нь Засгийн эрх авах үед нэг тэрбум ам.долларын валютын нөөцтэй байсныг 4.2 тэрбум болгож өсгөсөн. Үүнийг ийм эрсдэлтэй үед ашигладаг хэмээн Сангийн сайд мэдээллийн үеэр тодотголоо. Энэхүү бодлогын арга хэмжээг боловсруулахдаа олон улсын туршлагыг судлахын сацуу түнш улсуудтай явуулах эдийн засгийн бодлоготойгоо уялдуулсныг хэллээ. Тэрбээр, "Ийм хямралын үед алдаа гаргах эрх байхгүй, долоо хэмжиж нэг огтлох зарчмаар энэхүү бодлогын арга хэмжээг боловсруулснаа танилцуулж байна" хэмээв.
Засгийн газраас зургаан сарын хэмжээнд авах арга хэмжээг боловсруулсан ч үргэлжлүүлэн дахин зургаан сар эдийн засгийн хүндрэлийг саадгүй давж гарах тооцоо гарсныг онцолж байв. Мөн нүүрс, зэс, төмөр зэрэг ашигт малтмалаа БНХАУ руу экспортлохоор ярилцаж байгааг тэмдэглэв. БНХАУ-ын тал манай улсаас авдаг бүх импортын бүтээгдэхүүнээ үргэлжлүүлэн авахаа илэрхийлсэн байна. Өнгөрсөн хугацаанд тасалдсан төсвийн орлогын дийлэнхийг нүүрсний экспортын алдагдал эзэлж байна. Тиймээс хуучин байдалд оруулж эдийн засгаа эрүүлжүүлэх арга хэмжээг баримтлахаа Ерөнхий сайд илэрхийллээ.
Банкууд зээл олголтыг дэмжих шаардлагатай байна
Монголбанкнаас Зээлийн батлан даалтын санг идэвхжүүлэх замаар банкууд зээл олголт, экспортыг дэмжих шаардлагатай байна. Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар банкны салбарын төлөөллийг энэ сарын 27-нд хүлээн авч уулзах үеэр онцолж, банкууд ашгийн хувиа багасгаж, зардлаа танах, зорилтот бүлгийн зээлийн хугацааг чөлөөлөх, хөнгөлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх чиглэл өглөө.
Тэрээр, уулзалтын эхэнд шинэ коронавирусний нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судлах, авч хэрэгжүүлэх чиглэлээр дүгнэлт гаргах ажлын 4 хэсэг Эдийн засгийн, Төсвийн, Хууль зүйн, Төрийн байгуулалтын байнгын хороон дээр тасралтгүй ажиллаж, Засгийн газарт чиглэл өгч буйг танилцуулав. "УИХ "COVID-19"-ийн эдийн засагт үзүүлэх нөлөөллийг А, Б, В хувилбараар гаргаж, үе шаттай хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулаад байна.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнгээр ахлуулсан Ажлын баг сүүлийн гурван 7 хоног Сангийн яам, ХХААХҮЯ, ХНХЯ, Монголбанк, холбогдох байгууллагатай хамтран ажиллаж тооцоо судалгаа хийн, дээрх төлөвлөгөөг боловсруулж, саналаа гүйцэтгэх засаглалд хүргүүлсний дагуу Засгийн газраас холбогдох шийдвэрийг өнөөдөр гаргаж байна" гэв.
Мөн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатараар ахлуулсан Ажлын баг МҮХАҮТ-тай хамтран хүнсний хангамжийг тогтворжуулах, ноолуур, алтны үйлдвэрлэл, экспортыг дэмжих зэрэг чиглэлээр тооцоо судалгаа хийж, дүгнэлт гарган, Засгийн газарт чиглэл өгсөн. Тухайлбал, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 тэрбум төгрөгийн 3 хувийн хүүтэй зээл олгох схемийг гаргасан нь хэрэгжих шатандаа ороод байна гэж өнөөдрийн уулзалтын талаар УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Банкны салбарынхантай өмнө нь цахимаар уулзаж, албан бичгээр ирүүлсэн саналуудтай танилцаад Монголбанктай хамтран холбогдох шийдвэр гаргаж байгааг УИХ-ын дарга Г.Занданшатар дурдаад, энэ удаагийн уулзалтаар ажил хэрэгч санал, санаачилга гарна гэдэгт итгэж байгаагаа мэдэгдлээ.
Уулзалтад оролцсон Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин нар зарим хуульд онцгой нөхцөлтэй уялдуулан түр хугацаанд үйлчлэх нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар саналаа хэлсэн юм. Энэ талаар УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар, “Хуулиар ердийн хууль хэлэлцэн батлах хугацаа багадаа 45 хоног байдаг. Гэхдээ нэн яаралтай горимоор хуулийг хэлэлцүүлэх эрх Засгийн газарт бий. МҮХАҮТ, Монголбанк, Банкуудын холбоо үүсээд байгаа нөхцөл байдалтай уялдуулан нэг удаагийн зохицуулалтын шинжтэй хууль тогтоомжийг Засгийн газарт танилцуулан, яаралтай горимоор хэлэлцүүлэх боломж байгаа” гэдгийг онцоллоо.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.