ЖДҮ эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгоно
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас энэ онд хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, санхүүжүүлэхэд ХХААХҮ-ийн сайдын тушаалаар нийт 36,1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор баталлаа.
ЖДҮХС-гийн зээлийн эргэн төлөлтийн эх үүсвэрээс олгох хөнгөлөлттэй зээлийн зориулалтаар 29 тэрбум төгрөгийг 21 салбар, чиглэлд үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхээр 5 жилийн хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 23 хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авч байна.
Сангийн яам, ХХААХҮЯ яам хооронд байгуулсан гэрээний дагуу “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил төсөл”-ийн эх үүсвэрээс орон нутагт түүхий эд бэлтгэн нийлүүлэх тогтолцоог хөгжүүлэх, ажлын байр нэмэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр 4,2 тэрбум төгрөгийг “Загвар хоршоо”-ны үндсэн хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэхэд жилийн 5 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай, үндсэн төлбөрөөс 1 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгох аж. Төслийн материалыг энэ сарын 31-ний өдрийн гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авна.
Мөн, “Жимс, жимсгэний төрөлжсөн аж ахуй байгуулахад дэмжлэг” үзүүлэхээр 2,9 тэрбум төгрөгийг 8 жилийн хугацаатай үндсэн болон эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхээр жилийн 3 хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс 3 жил хүртэл чөлөөлөх нөхцөлөөр олгоно. Төслийн материалыг нэгдүгээр сарын 31-нээс гуравдугаар сарын нэгэн хүртэл 30 хоногийн хугацаанд цахимаар хүлээн авахыг ЖДҮГ мэдээллээ.
Дээрх төслүүдийн материалыг Засгийн газрын тогтоолоор баталсан "ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам"-д заасны дагуу бүрдүүлэн www.sme.gov.mn цахимаар дамжуулан илгээх аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.