“Таван Аваргын нэрэмжит” хүчит бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлж, Улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв.
Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” хэмээх хөх луу жилийн сар шинийн баярт зориулсан, Булган аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит барилдаан Булган аймагт болж өндөрлөлөө. Тус барилдаанд даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, харцага О.Мөнх-Эрдэнэ тэргүүтэй улс, аймгийн, сумын цолтой болон залуу 96 бөх зодоглосон юм.
Барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга О.Хангай түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Д.Амарсайхан үзүүрлэв. Харин их шөвөгт Архангай аймгийн Хайрхан сумын харьяат улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Архангай аймгийн Хотонт сумын харьяат аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлджээ.
Тэгвэл дунд шөвөгт Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат улсын начин Б.Даваа-Очир, Булган аймгийн Орхон сумын харьяат улсын начин Б.Түмэндэмбэрэл, Э.Сумьяабат, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат сумын заан П.Нямжав нар шалгарсан юм.
Сумын заан П.Нямжав энэ барилдааны дуулианыг тарьсан бөгөөд тэрбээр хоёрын даваанд улсын начин Б.Түвшинтөгс, гурвын даваанд начин Д.Амаржаргал, дөрвийн даваанд даян аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулж, дунд шөвөгт үлдсэн ажээ. Түүний хувьд сумын заануудын барилдаанд таван удаа шөвгөрсөн амжилттай яваа юм.
Орон нутагт зохион байгуулах дараагийн улс, аймгийн цолтой бөхчүүдийн барилдаан ирэх сарын 4-нд Зүүнхараад болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.