Монгол, Солонгос улсын гэр бүлийн тухай хуулийн талаар туршлага хуваалцах хэлэлцүүлэг боллоо
Монголын хуульчдын холбоо, Иргэний эрх зүйн хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбоо, Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэн хамтран “Гэр бүлийн тухай хууль: Монгол ба БНСУ-ын туршлага” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо оролцож, 2023 оны 11 дүгээр сарын 03-нд УИХ-д өргөн мэдүүлсэн “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга"-ын төслийг танилцуулав.
Гэр бүлийн харилцааг олон улсын жишигт нийцүүлэх, шинээр үүсэж байгаа харилцааг зохицуулах, орхигдсон буюу хийдлийг арилгах зорилгоор “Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга”-ын төслийг боловсруулсан. Ингэхдээ хүүхэд, жирэмсэн болон хөхүүл эмэгтэй, эсхүл бага насны хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эх, хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, хөдөлмөрийн чадваргүй гэр бүлийн гишүүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг тэргүүн ээлжид хамгаалах зарчмыг баримтлав.
Хуулийн төсөлд зарчмын шинжтэй асуудлуудыг тусгасан бөгөөд олон нийтийн хэлэлцүүлгийн шатанд гэр бүлийг тогтвортой байлгах, гэрлэлт цуцлалтыг бууруулах, гэр бүлийн гишүүдийн эдийн болон эдийн бус эрх ашгийг хамгаалах, ялангуяа гэр бүлийн харилцаанд эдийн бус гэм хорын хохирол тооцох зэрэг асуудлыг хөндөж байсан.
Хуулийн төслийг УИХ хэлэлцэж байгаа энэ цаг үед “Гэр бүлийн тухай хууль: Монгол ба БНСУ-ын туршлага” хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа нь манай улсын гэр бүлийн эрх зүйн хөгжил, хууль хэрэглээнд ач холбогдолтой болохыг дэд сайд Б.Солонгоо дурдлаа.
“БНСУ-ын Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь эдийн бус гэм хорын ойлголт, шүүхийн практик”-ын талаар БНСУ-ын Гэр бүлийн эрх зүй судлалын холбооны ерөнхийлөгч, хууль зүйн доктор, профессор Чон Гён Гин, “Гэр бүлийн эрх зүйн харилцаан дахь бүртгэл, эрх зүйн үр дагаврын тухай” Монгол-Солонгосын эрх зүйн хүрээлэнгийн захирал, хууль зүйн доктор О.Амарсанаа, “Гэрлэлтийн гэрээ, практикт тулгамдаж буй зарим асуудал” сэдвээр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар, ДХИС-ийн ахлах багш, доктор, Иргэний эрх зүйн Удирдах зөвлөлийн гишүүн М.Ванчигмаа нар илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.