Бүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монгол Улсад хүрэлцэн ирлээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Улаанбаатар хотноо хүрэлцэн ирлээ.
Хүндэт зочдыг УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Киргизийн парламентын бүлгийн дарга Б.Бейсен нар албаны бусад хүмүүсийн хамт угтан авлаа. Айлчлалын хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, Бүгд Найрамдах Киргиз Улсын Жогорку Кенеш (парламент)-ийн дарга Нурланбек Шакиев нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын олон талт хамтын ажиллагаа болон бусад асуудлаар санал солилцох юм.
Энэхүү албан ёсны айлчлал нь Киргиз Улсын парламентын даргын түвшний анхны айлчлал гэдгээрээ онцлог төдийгүй хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг шинэ агуулгаар баяжуулж, холбогдох эрх зүйн үндсийг бататгах ач холбогдолтой.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.