Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэл энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Шинэчилсэн хуулийн нэг гол заалт нь иргэдийн нэрийн дансыг өргөжүүлэх талаар тусгасан. Багц хуулийн зарим өөрчлөлт, хэрэгжилтийн талаар эдийн засгийн сэтгүүлчид Нийгмийн даатгалын ерөнхий газар (НДЕГ)-ын дарга Л.Мөнхзултай уулзаж тодрууллаа.

-Хуулийн хэрэгжилтийн хүрээнд энэ онд иргэдийн нэрийн дансыг мөнгөжүүлэх гэж байгаа. Энд хэдий хэмжээний хөрөнгө орох боломжтой вэ? Нэрийн дансыг яаж өргөжүүлэх талаар тодруулна уу?

-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 800 мянгаас нэг сая даатгуулагч НДШ төлж байгаа. Сар бүр янз бүр гарч байгаа. Тэтгэврийн даатгалд 17 хувийн шимтгэл төлж байгаагаас 8.5 хувийг даатгуулагч цалингаасаа, мөн 8.5 хувийг ажил олгогч төлдөг. Энэ мөнгөнөөс 2 хувь буюу 17 хувиас 2 хувийг салгаад даатгуулагчийн мөнгөн хуримтлалын данс руу шилжиж орох юм. Шимтгэл хаана төлж байгаа тухайн банк дээр буюу ажил олгогчийн сонгосон банкны дансанд хуримтлал үүсээд явна. 2 хувийн мөнгөн дүнгээр, тусдаа баланс үүсгээд нягтлан бодох бүртгэл бичигдээд тусдаа хуримтлагдах юм.

Оны эхний улирлын байдлаар, урьдчилан тооцоолсноор 50 гаруй тэрбум төгрөгөөр даатгуулагчийн бодит мөнгөн хуримтлал үүснэ гэж болно. Оны эцэст буюу хүлээгдэж буй тооцоо төлөвлөгөөгөөр даатгуулагчийн нэрийн дансанд 380 гаруй тэрбум төгрөг бодит мөнгөөр хуримтлагдах юм.

Нийгмийн даатгалд даатгуулагчдын нэрийн дансанд энэ оны I улиралд 50 тэрбум төгрөгийн бодит хуримтлал үүсээд байна.

Одоо үйлчилж буй эрх зүйн хүрээнд иргэд нэрийн дансанд хуримтлагдсан дээрх мөнгийг 4 төрлийн хэрэгсэл болгох буюу оруулах боломжтой байгаа. Нөлөө бүхий банкуудад хугацаат хадгаламж хэлбэрээр байршуулах, Засгийн газрын болон бусад газраас гаргасан баталгаат бондууд болон Төвбанкны үнэт цаасыг богино хугацаанд худалдаж авах, Төрийн сан дээр эргэлтийн байдлаар хүүтэй байршуулах гэсэн 4 төрлийн хэрэгсэл болгох боломжтой байгаа.

Нийгмийн даатгалын байгууллага мэдээллийн системээ шинэчилсэн. Шинэчлэлийн нэг хэсэг нь тухайн иргэний тэтгэврийн мөнгөн хуримтлалыг дээрх байдлаар бүртгэлжүүлж байгаа. Хуримтлалын тооцооллыг хийх үйл явцыг системийн шинэ программ дээр тусгаж байгаа. Энэ талын аппликэйшн ирэх 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр хангагдана.

Өөрөөр хэлбэл, даатгуулагчийн зүгээс ямар төрөлд хөрөнгө оруулах талаар Засгийн газраас батлах журмаар зохицуулна. Журам баталсны дараа даатгуулагч иргэн насны бүлгээсээ хамаараад тэтгэврийн хуримтлалаараа ямар төрлийн хөрөнгө оруулалт хийх сонголтын талаар санал авна. Даатгуулагч иргэн дундаж өгөөжөө тооцоолоод оруулах хуримтлалаа шийднэ. Энэ талын хүсэлтийг харгалзан үзэж байж хөрөнгө оруулалтын багц руу хуваарилах гэсэн бодлого, төлөвлөгөөтэй ажиллаж байна.

-Хувь хүн, иргэд нэрийн данс дахь хуримтлалын мөнгөн эх үүсвэрийн хөрөнгөө хэдийнээс ашиглах боломжтой байна вэ?

-Үүнийг нарийн хуулиар зохицуулах учиртай. Энэ жил дөнгөж дансны үйл ажиллагаа эхэлж байна. Нарийн зохицуулалтын хуулийг УИХ-ын дараагийн чуулганаар батлах байх. Манай улс тэтгэврийн нэрийн дансны хувьд хагас хуримтлалын тэтгэврийн тогтолцооны хэлбэрт зөвхөн энэ оноос шилжиж байгаа юм. Аажмаар шилжүүлж байна. Аажим ч гэсэн ч 2 хувийн шимтгэл энэ жил 400 тэрбум төгрөг, ирэх жил 800 тэрбум төгрөг гэх мэтээр 3-4 жилийн дараа нийт тэтгэврийн сангийн зардал 30 орчим хувьд хүрнэ гэсэн тооцоотой байгаа. Энэ нь тэтгэврийн сангийн бодит мөнгөн хуримтлал харьцангуй хурдацтай өснө гэсэн үг.

Ингэж өсөхийн хэрээр эрх зүйн орчноо цааш улам гүнзгийрүүлэн сайжруулж, хөрөнгө оруулалтад оруулах санхүүгийн хэрэгслийн тоог зайлшгүй нэмэх хэрэгтэй юм. Ингэж байж гэмээн Нийгмийн даатгалын мөнгөн хуримтлалын сан, тэтгэврийн өгөөжийг хүртэж, инфляциас сэргийлэх болно.

Даатгуулагч нэрийн данснаасаа мөнгө хэзээ авч, ашиглах боломжтой талаар эхний ээлжинд Засгийн газраас эрүүл мэнд, боловсролдоо зарцуулахаар хуульд тусгаад байгаа. Яг ямар хэмжээгээр, хэдэн насандаа, яаж авч ашиглах талаар түрүү хэлсэнчлэн дахиад хууль эрх зүйн нарийн зохицуулалтаар шийдэхээр батлах байх.

-Нийгмийн даатгалын сангаас “Капитал” болон Чингис хаан” зэрэг арилжааны банкуудад байршуулсан хөрөнгө мөнгөний эргэн төлөлт ямар байдалтай байна вэ?

-“Капитал” банк дампуурсантай холбоотойгоор тус банкны эрх хүлээн авагчаас нийт 104 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын санд авах ёстой хөрөнгөөр бүртгэсэн байгаа. Энэ хөрөнгийн 50 орчим хувь нь нэмэгдүүлэн тооцсон хүү юм. Одоогийн байдлаар дээрх 104 тэрбум төгрөгөөс 64 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй,  барагдуулахаар ажиллаж байгаа. Энд тодорхой хөрөнгийг санал болгодог. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлөөс шийдвэр гарсны дараа нийгмийн даатгалын байгууллага авч борлуулдаг.

Нийгмийн даатгалын сан “Чингис хаан” банкнаас 100 орчим тэрбум төгрөгийн авлагатай. “Чингис хаан” банкны дампуурлыг албан ёсоор зарлаагүй, эрх хүлээн авагч гараагүй. Тус банкны талаар бидэнд өгсөн албан ёсны мэдээллээр бол гадаадын хөрөнгө оруулагч энэ банкийг худалдан авахаар судалж байгаа. Хэрэв худалдан авах болбол НДС-гийн давхар худалдан авна. Ийм тохиолдолд НДС-гийн хохирлыг бүрэн барагдуулна гэсэн мэдээлэлтэй байна. 

 

Эх сурвалж  https://montsame.mn/mn/read/342580

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Парламентын дарга бараалхав 2024-04-25

УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнийг хүлээн авч уулзлаа 2024-04-25

АНУ-руу шууд нислэг үйлдэх хоёр дахь БОИНГ 787-9 Dreamliner агаарын хөлгөө хүлээн авлаа 2024-04-25

БНСУ-ын Кореа Их сургуультай ажиллах санамж бичиг үзэглэлээ 2024-04-25

ХҮЧТЭЙ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА 2024-04-25

Иргэдийн нэрийн дансанд 2 хувиар хуримтлал үүсгэж эхэллээ 2024-04-25

Ким Ён Жү: Амар тайван нийгмийг бий болгох нийгмийн институц байгуулах зайлшгүй шаардлагатай байна 2024-04-25

Монгол Улсад зорчсон тайланд иргэдийн тоо 2 дахин нэмэгдсэн 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

Хүүхэд, залуучуудын театр 27 жилийн дараа дахин хөшгөө нээлээ. 2024-04-25

БНСУ-ын визний мэдүүлэг хүлээн авах төлөөлөн гүйцэтгэх байгууллагын танилцуулга 2024-04-26