Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ноос онц байдал зарлалаа.
Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ тус улсын Засгийн газар 2020 оны дөрөвдүгээр сарын 7-ноос онц байдал зарлалаа. Онц байдал Токио, Осака хот болон Канагава, Сайтама, Чиба, Хёого, Фүкүока мужийн нутаг дэвсгэрийг хамарч, нэг сар үргэлжлэх юм.
Япон Улсын Ерөнхий сайд ийнхүү онц байдал зарласнаар тухайн орон нутгийн засаг захиргааны нэгжийн зүгээс хувийн эзэмшлийн газар, барилга байгууламжийг түр хугацаагаар олон нийтэд эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зориулалтаар ашиглуулахыг иргэн, аж ахуйн нэгжид шаардлага болгох, шаардлагыг биелүүлээгүй нөхцөлд өмчийг нь хураан авах эрхтэй болж буй. Түүнчлэн хүн амын хөл хорих, олон нийтийн арга хэмжээг цуцлах, эм, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэгч аж ахуйн нэгжүүдийг бүтээгдэхүүнээ засаг захиргааны нэгжид борлуулахыг шаардлага болгох эрх зүйн чадамжтай болох хэдий ч дээрх шаардлагыг биелүүлэхээс татгалзсан иргэн, аж ахуйн нэгжид олон нийтэд мэдээллийг нь ил зарлах боломжтой болно. Онц байдлын үеэр олон нийтийн тээврийн хэрэгсэл, эмнэлэг, эмийн сан, банк, хүнсний дэлгүүр хэвийн үйл ажиллагаа явуулах төлөвтэй байна.
Токио хотын захирагч Ю.Коикэ өчигдөр орой 21.30 цагт хэвлэлийн бага хурал хийж, Япон Улсын Засгийн газраас “онц байдал” зарласан тохиолдолд Токио хотын захиргаанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав. Тэрбээр “Токио хотод албадан хөл хорихгүй, эм, хүнсний бүтээгдэхүүний тогтвортой нийлүүлэлтийг хангаж ажиллана” гээд “агаарын солилцоогүй орчинд, олноор цугларч, ойр зайнаас ярилцахгүй байхад онцгойлон анхаарах шаардлагатай” болохыг тэмдэглэв.
Түүнчлэн “гадагш аль болохуйц гарахгүй, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байх, амралтын өдрүүдэд болон үдэш, орой гэртээ байх, зайлшгүй шаардлагаар гадагш гарах нөхцөлд хоорондоо 2 метрийн зай барих, олон нийтийн тээврийн хэрэгслээр аль болохуйц зорчихгүй байх, түүнчлэн хүнсний бүтээгдэхүүн бөөнөөр нөөцлөхгүй байх, telework түлхүү нэвтрүүлж, зайнаас ажиллах”-ыг уриаллаа.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.