Г.Занданшатар: Шударга ёсыг тогтоох гол зэвсгийн нэг нь хиймэл оюун ухаан байх болно
УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгт оролцов.
Энэ үеэрээ харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын инженер, техникийн ажилтнууд, бизнес эрхлэгчид, эрдэмтэд, мэргэжилтнүүдэд хандаж үг хэлэв. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай анхдагч хуулийн төслийг Засгийн газраас энэ сарын 3-нд УИХ-д өргөн мэдүүлсэн юм.
УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн үгэндээ, хиймэл оюун ухаан, машин сургалт, юмсын интернэтийн хөгжлийн хурд дэлхий дахинд нүд ирмэх зуур хувьсан өөрчлөгдөж байгааг онцлоод, Цахим үндэстэн болох зорилтынхоо хүрээнд та бүхний мэдлэг, оюуны хүчээр манай улс хурдацтай хөгжин дэвшиж байна гэлээ. Тэрбээр “E-Mongolia”, https://d.parliament.mn/ платформыг жишээлэн дурдаж, би өдөр тутам ChatGPT ашиглахын зэрэгцээ зарим үед хэрэгтэй зураг лого зэргийг AI-аар бүтээлгэдэг болсон гэсэн юм. Хувийн хэвшлийнхэн төртэйгөө хамтран хиймэл оюун ухаан хөгжүүлж байгааг www.shilen.gov.mn-ээс харж болно гээд тэрбээр, хиймэл оюун ухаанд хамаатан садан, ашиг сонирхлын зөрчил гэж байдаггүй тул авлига, хээл хахуультай тэмцэх, шударга ёсыг тогтоох гол зэвсгүүдийн нэг болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Мэдээллийн технологийн салбарыг экспортод чиглүүлэн хөгжүүлэх, гадаадын зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлэх, энтрепренёр, гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, үндэсний тоон контентыг эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ойрын үеийн чухал зорилтууд хүлээгдэж байгааг тэрбээр тэмдэглээд, Монгол Улсын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдэд туссан зорилго зорилтууд, “Цахим Үндэстэн” санаачилгын хэрэгжилтийн тухай товч танилцуулсан юм. Хөдөө, орон нутгийг харилцаа холбоо, өндөр хурдны интернэт сүлжээнд холбох, дижитал дэд бүтцийг байгуулах төрийн үйлчилгээг цахимжуулах, цахим мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, тоон бичиг үсгийн чадавхыг сайжруулах зэрэг ажлууд амжилттай өрнөж буйг УИХ-ын дарга зориуд дурдсан юм.
Энэ салбарын хөгжил нь инновацыг идэвхжүүлж, үйлдвэрлэл, экспортыг дэмжих, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд үр өгөөжөө өгөх ёстой хэмээн тэрбээр өгүүлээд, энэ үр өгөөж нь нийгмийн бүхий л салбарт нэвтэрч, бүтээмж, өрсөлдөх чадварыг сайжруулж, шинэ шинэ ажлын байрыг нэмэгдүүлэн, инновацыг хөгжүүлэх хөшүүрэг болно гэлээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.