Монгол уулчдыг эрэн хайх ажиллагааг түр зогсоожээ
Эверестийн оргилд хөтөчгүйгээр авирсан Монголын хоёр уулчин сураггүй алга болсон талаар “Everest Today” тавдугаар сарын 14-нд зарласан билээ.
Хүчилтөрөгчийн баггүй, шерпа буюу туслахгүйгээр Эверестийн оргилд гарах оролдлого хийж байсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар үндсэн авиралтаа эхлүүлснээс хоёр хоногийн дараа ор сураггүй алга болсон бөгөөд тэдэнтэй хамт явсан өөр нэг уулчин болох Д.Отгонхүүгийн бие муудсан тул багаасаа түрүүлэн бууж ирсэн байсан юм.
Уулчдыг эрэн хайх, аврах ажил үргэлжилж байсан ч “Everest Today” цаг агаарын таагүй байдлаас болж монгол авирагчдыг эрэн хайх ажиллагааг өнгөрсөн шөнөөс зогсоосныг мэдэгдлээ.
Уулчдыг эрэн хайх, аврах ажиллагааны даалгаварт 4 шерпа томилогдож, өнгөрсөн шөнө 3-р кемпээс дээш өгсөж, өглөөгүүр зүүн оргилд хүрэхээр төлөвлөөд байсан ч тэдний хоёр нь 4-р кэмпэд гацаж, хоёр нь 3-р кэмп рүү буцжээ.
Монголын уулчдын үндэсний холбоо манай уулчдын үйлчилгээ авсан “8К экспидейшн” компанитай холбогдож, цаг үеийн мэдээллийг авч байгаа аж. Багийн гурав дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал нь сайжирсан байна.
Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгссөн байна. “8К экспидейшн” компаниас тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м (Далайн түвшнээс дээш)-ийн өндрөөс бууж явсан уулчид тэдэнтэй таарсан ба том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ.
Харин тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр нэг авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.