ХӨСҮТ: Дахин хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарч байна
Өнөөдөр “COVID-19” халдварын шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Коронавирусээр халдварласан хоёр хүний биеийн байдал сайжирч эмнэлгээс гарч байна хэмээн ХӨСҮТ-ээс мэдээллээ.
Эдгээр иргэнд таван төрлийн шинжилгээг гурван өдөр дараалан хийхэд хариу сөрөг гарчээ. Тиймээс цаашид иргэдийг сувиллын газарт үргэлжлүүлэн, шинжилгээ авч хянах юм.
Мөн халдвар авсан франц иргэний биеийн байдал сайн байгаа аж. Түүний ажилладаг "Бадрах энержи" компани эмч, ажилтнуудыг урамшуулахад зориулан ХӨСҮТ-д 100 сая төгрөг хандивлажээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэлэхдээ, “Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүлээн авч уулзан, “COVID-19” халдварын шинжилгээг үргэлжлүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэх үүрэг өгсөн. Үүний дагуу ХӨСҮТ-д лабораторийн нэг шугам нээгдлээ. Тэгэхээр үндсэн том лабораториос гадна дахин нэг өрөөтэй болж байна. Лабораторийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр хяналт сайжирна гэсэн үг” хэмээв.
Манай улсад “COVID-19” халдварын батлагдсан 15 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гарлаа. Одоо 11 хүн эмчлүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.