Оном сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор, биофизикч Дашдоржийн Наранбаатар : ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ УРСАН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭ

Оном сангийн ТУЗ-ийн дарга, Шинжлэх ухааны доктор, биофизикч  Дашдоржийн Наранбаатар : ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ УРСАН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭ

ЗҮРХ ЗҮСЭЖ, СЭТГЭЛ УРСАН ЭМГЭНЭЛТ МЭДЭЭ

Хайран дүү минь... Жирэмсний үед үүссэн умайн хүзүүний хорт хавдрын улангассан гал миний хамгийн бага дүү Д.Гивааг алсын алсад авч одлоо.

Дүү минь цэл залуу 31 насандаа Токио хотын эмнэлэгт 2024 оны 05 сарын 29-ны Лхагва гаригт тэнгэрт дэвшлээ. 2024 оны 05 сарын 31-ны Баасан гаригт Токиод дүүтэйгээ салах ёс гүйцэтгэн чандарлуулж, 06 сарын 01-ний Бямба гаригт ариун чандарыг нь эх нутагтаа авчруулав. Дүүгээ 2024 оны 06 сарын 12-ны Лхагва гаригт элгэн халуун Монголынхоо хөрсөнд мөнх нойрсуулна.

Өнгөрсөн 10 сарын хугацаанд дүүгийнхээ халуун амийг аврах гэж бүхий л аргаар үзлээ. Алтан амийг нь аврах гэж хэдэн зуун сая төгрөг зарцуулсан ч чадсангүй алдлаа.

Хамгийн өр эмтрэм зүйл нь эгэл жирийн залуухан гэр бүлийн 2 ойтой, 10 сартай хоёр бяцхан охин ээжгүй, цэл залуугаараа байгаа хүргэн дүү маань гэргийгүй үлдлээ.

Дүүгийн маань цагаасаа эрт нас баралтын суурь болсон үндсэн хоёр шалтгаан байна:

1. Монгол төрийн 2010 - 2012 онд хэрэгжүүлж чадаагүй Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр. Хэрэв бүхнийг мэдэгчийн дүр эсгэсэн Л.Баярсайхан (Л.Баярсайхан эмч) тэргүүтэй оройгүй тэнэгүүд "... Монгол охидыг үргүй болгох гэж байна" хэмээн солио галзуу юм яриагүй бол, төр улс нь тийм тэнэгүүдийн хоосон хийрхэлд авталгүй арчаатайхан байгаад шинжлэх ухааны талд зогсоод энэ хөтөлбөрийг хэрэгжүүлээд явсансан бол дүү минь умайн хүзүүний хорт хавдраас маш сайн сэргийлдэг вакцин хийлгээд гэр бүлээрээ элэг бүтэн байх байлаа. Хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакцин Монгол Улсад энэ үед хийгдээгүйгээс болоод өнөөдөр жирэмсэн эмэгтэйчүүдийн дундах хүний хөхөнцөр вирүсийн тархалт бараг 50%-д хүрээд байгаа судалгааны үр дүн саяхан гарсан. Эдгээр жирэмсэн эмэгтэйчүүдээс хэд нь миний дүү шиг умайн хүзүүний хавдрын золиос болж халуун амиа алдах бол? Дэндүү олон нь! Үнэндээ олон мянган Монгол бүсгүйчүүдийг ийм л хувь тавилан хүлээж байна. Жил бүр хэдэн зуун Монгол эмэгтэй умайн хүзүүний хорт хавдраар нас барж байна.

Нас баралтын тоогоор умайн хүзүүний хорт хавдар элэгний хорт хавдрын дараа хоёрт ордог. Гэтэл хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакциныг хийгээд явсан Австрали Улсад умайн хүзүүний хорт хавдар эрс буурч, умайн хүзүүний хорт хавдрыг устгах төвшинд хүрээд байна.

Энэ бүх боломжийг хааж, миний дүү шиг олон мянган эмэгтэйчүүдийг үхэлд хүргэсэн хариуцлагыг Л.Баярсайхан (Л.Баярсайхан эмч) тэргүүтэй вакцин эсэргүүцэж байсан усан тэнэгүүд хүлээх ёстой. Мөн хүний хөхөнцөр вирүсийн эсрэг вакциныг улс орон даяар нэвтрүүлээгүй унхиагүй, мэдлэггүй, арчаагүй, чадваргүй Эрүүл мэндийн сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар хариуцлага хүлээх ёстой.

2. 2023 оны 01 сард дүү маань хоёр дахь хүүхдээ төрүүлэхээр олон сая төгрөг төлж Интермед эмнэлгийн жирэмсний хяналтад орсон. Ингээд бүрэн шинжилгээ хийлгэхэд хэв шинж тодорхойгүй эс илэрч. Гэтэл энэ талаар дүүд маань ямар ч тодорхой мэдээлэл өгсөнгүй бүх зүйл хэвийн байна, зүв зүгээр гэж. 2023 оны 01 сараас 07 сарын хооронд дүү маань жирэмсний хяналтаа хийлгэж Интермед эмнэлэгт 22 удаа үзүүлж шинжилгээ, үзлэг хийлгэж. Харамсалтай нь энэ хугацаанд эмчилгээний удирдамж зааврыг огт дагаж мөрдсөнгүй нэг ч удаа нарийвчилсан үзлэг хийлгүй явсаар хэвийн бус эс нь умайн хүзүүний хорт хавдар болон өсөж. Интермед эмнэлгийн эмч нар ажилдаа хариуцлагатай хандсансан бол, ядаж бидэнд зөв мэдээлэл өгсөнсөн бол хорт хавдар болохоос нь өмнө хэвийн бус эс байхад нь бариад авах бүрэн боломжтой байж.

Хариуцлагагүй, мэдлэггүй, хэнэггүй, чадваргүй, биеэ тоосон, мөнгийг л үнэт зүйлээ болгосон эмч, эмнэлэг, удирдлагын хар уршгаар төрөх орон дээр гарахын өмнөхөн л асуудал болохоо байсныг анзаарч. Нөхцөл байдал тун хэцүү болсон байгааг тэр үед л бид анх удаа олж мэдэв. Хавдар даамжирч иймдээ тулаад байхад ч Интермед эмнэлгийн удирдлагууд өөрсдийгөө зөвтгөх, булзааруулах оролдлого хийж байгааг хараад бид бүр мэл гайхаж цэл хөхрөв. 2023 оны 07 сараас хойш Интермед эмнэлгийн удирдлагуудын гаргасан үйлдэл, явуулсан гэрээний талаар дурдвал маш урт, гунигтай түүх болно.

Үнэндээ бид бүгдээрээ, нийгмээрээ усан тэнэгүүдийн мунхаглал, мэдлэг чадваргүй байдлын золиос болж байна.

Хүйтэн сэтгэлтнүүд, бодлогогүй чадваргүй мунхагууд Монгол хүний амиар, Монголын нийгмээр наадаж байна.

Даанч уйтай, даанч харуусам.

Дүүгийнхээ гэгээн дурсгалд зориулж 2050 он гэхэд умайн хүзүүний хорт хавдрыг Монгол Улсад устгах хөтөлбөр эхлүүлэн хэрэгжүүлэх болно гэж өөртөө тангараглая!

Үүнтэй зэрэгцээд хүний амиар тоглосон тэнэгүүдэд заавал хариуцлага тооцуулах болно.

Энэ улс орныг өөрчлөх ирээдүйг нь жаахан ч гэсэн гэрэлтүүлэх хэрэгцээ шаардлага даанч их байна.

Хийх ажил маш их байгаа ч харамсалтай нь хийж чаддаг нь дэндүү цөөхөн юм.

Худлаа ярьж, хэнд ч хэрэггүй элдэв бичиг цаас нэхсэн, шаардсан амьгүй албатууд Монголын төрөөр дүүрэн байна. Бидний туулж байгаа зовлон зүдгүүрийг энэ хүмүүс тойроод гарахгүй бас л адилхан туулна.

Цэл залуу насаа зольж, цэцэг шиг хөөрхөн үрсээ өнчрүүлэн, бурангуй нийгмийн болж бүтэхгүйг халуун амиа алдан байж харанга дэлдсэн хайртай дүүгийнхээ араас эмгэнэн гашуудаж байна.

Цөөхөн Монголынхоо амь нас эрүүл мэндийг хөсөр хаясан цөвүүн цагийг эцэс болгохын төлөө зүтгэж л явна даа.

Оном сангийн ТУЗ-ийн дарга

Шинжлэх ухааны доктор, биофизикч

Дашдоржийн Наранбаатар

2024 оны 06 сарын 06

Онгоцонд тэрлэв.

Цахим холбоос:

Л.Баярсайхан эмч : 

https://www.facebook.com/Dr.Bayarsaikhan

Intermed Hospital - Интермед эмнэлгийн үйлчлүүлэгчдэд зориулсан групп

https://www.facebook.com/pages/Интермед-Эмнэлэг/655472137873983

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.