Роберт Кеннедийн ач охины цогцсыг Чесапикийн булангийн эргээс олжээ
БАЛТИМОР. /CBS/. АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн дүү Роберт Кеннедийн ач охин Мейв Кеннеди Таунсенд Маккины цогцсыг цагдаа нар Чесапикийн булангийн эргээс олжээ. “CBS” телевизээр мэдээлснээр, түүний найман настай хүү Гидеоны цогцсыг хайх ажиллагаа үргэлжилж байна.
Тэд өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт завиар явж байгаад сураггүй алга болсон юм. Эрэн хайх-аврах ажиллагааг пүрэв гаргийн оройноос эхлэн есөн мянга гаруй хавтгай дөрвөлжин километр талбайд 26 цагийн турш явуулжээ. Гэвч эрэл хайгуулын ажил үр дүнд хүрээгүй тул аврах албаныхан ажиллагааг зогсоосон юм. Мейв Кеннеди болон түүний хүүгийн явж байсан завь тэднийг хамгийн сүүлд харсан газраас хэдэн милийн зайтай газраас дөрөвдүгээр сарын 3-нд олджээ.
Мейв Кеннедийн нөхөр Дэвид Маккиний ярьснаар, далайн эрэг дээрх байшиндаа амрах үеэр хүүхдүүд нь хашаандаа бөмбөг тоглож байгаад бөмбөгөө ус руу өнхрүүлсэн байна. Эхнэр, хүү хоёр нь бөмбөгийг авахын тулд завь авч явжээ. Гэвч завь салхинд туугдаж эргээс хэт холдсоны улмаас тэд эргэж ирж чадаагүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.