Гадаадад суугаа монгол иргэд өнөөдөр саналаа өгч дуусна
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад суугаа монгол иргэдийн саналыг энэ оны 6 дугаар сарын 20-ноос эхлэн 4 өдөр авч өнөөдөр 6 дугаар сарын 23-ны 22:00 цагт дуусна.
Санал өгөхөөр урьдчилан бүртгүүлж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн 13095 сонгогч 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-нд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт ЭСЯ, Ерөнхий консулын газар, Консулын газарт байрлах санал авах байранд гадаад паспорт, иргэний үнэмлэхтэйгээ биечлэн очиж саналаа өгөөд байна.
Гадаад дахь сонгогчид 34 улсын 47 Дипломат төлөөлөгчийн газрын дэргэдэх салбар комисст саналаа өгч байна. Өнөөдөр буюу 6 дугаар сарын 23-ны өглөөний 09.00 цагийн байдлаар гадаадад суугаа монголуудын ирц 50.9 хувьтай байна.
2024 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн Улаанбаатарын цагаат 14.00 цаг Кувейт улс дахь монгол иргэд 100 хувь, Узбекстан, Лаос, Киргиз, Арабын Нэгдсэн Эмират улс, Вьетнам, Египет, Беларусь, Энэтхэг, Сингапурт байгаа иргэдийн ирц өндөр байна.
Гадаад улс дахь иргэдийн санал хураалт дууссаны дараа салбар комиссууд битүүмжилсэн дугтуйтай саналын хуудас болон бусад баримт, бичгийг төв комисст, төв комисс СЕХ-нд хүргүүлдэг.
Улмаар СЕХ гадаад улсад байгаа иргэдийн санал тоолох ажиллагааг өөрийн байранд санал авах өдрийн 22:00 цагаас ажиглагч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг байлцуулан ил тод, нээлттэй явуулдаг. Саналын хуудсыг санал тоолох төхөөрөмжид хийж тоолон дүнг мэдээлэхээр хуульчилсан. Түүнээс өмнө гадаад улсад байгаа иргэдийн өгсөн саналыг мэдэх боломжгүй талаар СЕХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.