УЛСЫН ОНЦГОЙ КОМИС ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ

УЛСЫН ОНЦГОЙ КОМИС ХУРАЛДАЖ, УЛААНБУРХАН ӨВЧНИЙ АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
Монгол Улсад улаанбурхан өвчний тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр хуралдлаа. Хуралдаанд Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан улаанбурхан өвчнөөс сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг зохион байгуулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл танилцууллаа.
Улаанбурхан өвчний эхний тохиолдол 2024 оны 7 дугаар сарын 31-ний өдөр батлагдаж, өнөөдрийн байдлаар зөөвөрлөгдсөн 2 тохиолдол батлагдаж, дотоодын 1 тохиолдол, сэжигтэй 1 тохиолдол бүртгэгдээд байна.
Улсын онцгой комиссын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн яам болон бусад холбогдох байгууллагуудад дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
Үүнд:
Гамшгаас хамгаалах Эрүүл мэндийн улсын албаны үйл ажиллагааг идэвхжүүлж, тандалт, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах, тандалт, дархлаажуулалт, бэлэн байдлыг ханган ажиллахыг Эрүүл мэндийн яаманд үүрэг болгосон.
Салбар хоорондын хамтын ажиллагааг хангах чиглэлээр гадаад улсаас ирж буй зорчигчдод тавих эрүүл мэндийн хяналтыг идэвхжүүлэх, нэвтэрч буй зорчигчийн очих газрын хаяг, утасны дугаар зэрэг эргэн холбоо тогтооход шаардлагатай мэдээлэл цуглуулах; хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг зэрэг боловсролын байгууллагуудад улаанбурхан өвчний дэгдэлт үүсэх эрсдэлийн үнэлгээг нарийвчлан хийж, халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлэх, олон нийтэд буруу ташаа мэдээлэл тарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болгов.
Мөн улаанбурхан өвчний тандалт, дархлаажуулалт, хариу арга хэмжээ зохион байгуулах болон бэлэн байдлыг хангахад шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Цаашид улаанбурхан өвчний товлолын дархлаажуулалтын судалгаанд үндэслэн нөхөн дархлаажуулах ажлыг шуурхай зохион байгуулах, тандалтыг эрчимжүүлж, голомтыг яаралтай цомхотгох, улаанбурхан өвчний тандалтыг эрчимжүүлж, дэгдэлтийн үеийн дархлаажуулалтыг зохион байгуулах болон эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хариу арга хэмжээний нөөцийн бэлэн байдлыг хангах чиглэлээр шуурхай арга хэмжээ авч, ажиллаж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.