Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад Монгол Улсын баг алт, хүрэл медаль хүртлээ

Олон улсын хиймэл оюун ухааны олимпиадад Монгол Улсын баг алт, хүрэл медаль хүртлээ

Олон улсын хиймэл оюун ухааны анхдугаар олимпиадыг /IAIO/ Саудын Арабын Хаант Улсын нийслэл Рияд хотод энэ сарын 8-12-нд зохион байгууллаа.
Тус олимпиадыг ЮНЕСКО-гийн дэргэдэх Хиймэл оюун ухааны олон улсын судалгааны төв “IRCAI” болон Олон улсын хиймэл оюун ухааны ёс зүй, зохицуулалтын төв /ICAIRE/ нь Саудын Арабын Их өгөгдөл, хиймэл оюун ухааны газартай /SDAIA/ хамтран зохион байгуулсан юм.

Энэхүү олимпиадад 25 улсын 90 орчим сурагч өрсөлдөв. Үүнд Монгол Улсаас оролцсон Оюунлаг сургуулийн сурагч Н.Батсүх алтан медаль, Хобби сургуулийн сурагч Э.Тэнүүн хүрэл медаль хүртсэн бол багийн бусад хоёр гишүүн Эрхэт эрдэм сургуулийн сурагч Ч.Ирмүүн, Сант сургуулийн сурагч Т.Энгүүн нар хүрэл медаль авахад нэг оноо дутаж шагналт байранд оржээ.

Монголын багийн ахлагчаар МУИС-ийн Мэдээллийн технологи, электроникийн сургуулийн багш З.Цолмон, дэд ахлагчаар тус сургуулийн багш Г.Амарсанаа нар ажиллалаа.

Тус олимпиад хиймэл оюун ухааны салбарт онцгой авьяастай залуусыг илрүүлэх, урамшуулах, нэгтгэх, тэднийг таниулах, мөн компьютер, хиймэл оюун ухааны салбарын эрдэмтэд болон багш нарын хооронд олон улсын найрсаг харилцааг бий болгох зорилготой. Олимпиадыг цаашид жил бүр зохион байгуулна гэж Боловсролын ерөнхий газар мэдээлэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.