Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулганд 106 орны төлөөлөгч оролцож байна
Дэлхийн хэвлэл мэдээллийн VI чуулган “Хиймэл оюун ба медиа салбарын өөрчлөлт” сэдвийн дор БНХАУ-ын Өрөмч хотноо үргэлжилж байна.
Синьхуа агентлаг, Шинжааны засаг захиргаанаас зохион байгуулсан энэхүү чуулганд НҮБ-ын агентлаг, олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид хиймэл оюун ухаан ба хэвлэл мэдээллийн салбарын шилжилт өөрчлөлтийн талаар мэдээлэл солилцож, хэвлэл мэдээллийн салбар дахь өөрсдийн шинэлэг туршлагаасаа хуваалцсан юм. Тухайлбал, “Хөгжил ба өөрчлөлт:Хэвлэл мэдээллийн хөгжилд хиймэл оюуны хэрэглээ, “Дүрэм, үүрэг хариуцлага:AI эрин үеийн сэтгүүлчийн ёс зүй”, “Баримт ба үнэн:Дижитал эрин үеийн хэвлэл мэдээллийн эрхэм зорилго”-ыг хөндөж, тэр дундаа хиймэл оюуны хөгжлийн хэвлэл мэдээллийн салбар дахь шинэ үеийн технологи, үйлдвэрийн хувьсгал дахь үүрэг, даян дэлхийн хамтын хөгжлийг урагшлуулах тухай хэлэлцэв.
Хуралд БНХАУ-ын Төв засгийн газар, Шинжаан бүс нутгийн Засгийн газрын өндөр албан тушаалтан, Синьхуа агентлагийн ерөнхийлөгч Фу Хуа, Дэлхийн хэвлэл мэдээллийн чуулганы тэргүүлэгчдийн гишүүн байгууллагын дарга нар үндсэн илтгэл тавилаа.
Хиймэл оюун хөгжихийн хэрээр хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээллийн ёс зүй, мэргэжлийн стандартыг баримтлах хэрэгтэй. Энэхүү хурал олон улсын хэвлэл мэдээллийнхэн дээд хэмжээнд хамтран ажиллах чухал талбар учир салбарын хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх, илүү сайхан ирээдүйн төлөө хамтдаа тэмүүлэхэд ач холбогдолтой юм.
Даваа гарагт болсон нээлтийн хуралдаанд Синьхуа агентлагийн ерөнхийлөгч Фу Хуа агентлаг нь хиймэл оюун ухааныг хөгжүүлснээр бүтээмжийг 70 хувиар нэмснийг дурдаад, хэвлэл мэдээллийн хиймэл оюуны технологийн салбарт Синьхуа тэргүүлж байгааг онцолжээ.
Хэвлэл мэдээллийн VI чуулга уулзалтын нээлтэд ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Шинжаан Уйгурын ӨЗО-ны хорооны нарийн бичгийн дарга Ма Шин Руй, ХКН-ын Төв Хорооны Суртал ухуулгын хэлтсийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Чэнь Вэнжүн, Шинжаан Уйгурын засаг захиргааны тэргүүн Эркин Тунияз, ОУУЗН-ийн ерөнхий захирал Пьер Крахенбюль, БНХАУ дахь НҮБ-ын суурин төлөөлөгч Сиддхарт Чаттержи, ОХУ-ын ТАСС агентлагийн ерөнхий захирал Андрей Кондрашов, Al Jazeera Media Network байгууллагын ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэшч Мостефа Суог, Reuters агентлагийн ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгч, тус агентлагийн Ази, Номхон далайн бүсийн хариуцсан дэд дарга Ган Лин-Зе, China Media группийн дэд ерөнхийлөгч Ху Жиньжун, The Hindu сонины редактор Суреш Намбат нар үг хэлэв.
Чуулга уулзалтад 106 орны 208 хэвлэл мэдээллийн байгууллага, Засгийн газрын агентлаг, олон улсын байгууллагын 500 гаруй төлөөлөгч болон МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид оролцож байна. МОНЦАМЭ агентлагийн төлөөлөгчид дээрх чуулганд 2009, 2013, 2018 онд оролцож байсан бол энэ жил англи, хятад хэлний редакц, хэвлэх үйлдвэр, контентын албаны ажилтан, орчуулагчид оролцож буй юм.
Синьхуа агентлагийн орлогч дарга Юуан Бинг Жунтай уулзлаа
Дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дээд түвшний чуулганы үеэр Монголын Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн Орлогч дарга бөгөөд Тамгын газрын дарга Т.Энхтуяа Синьхуа агентлагийн орлогч дарга Юуан Бинг Жунтай уулзлаа.
Уулзалтаар МОНЦАМЭ болон Синьхуа агентлаг 2020 онд гарсан цар тахлаас үүдэн түр саараад байсан харилцаагаа сэргээж, хамтран ажиллах, сэтгүүлч, уран бүтээлчдээ үргэлжлүүлэн харилцан солилцох, мэдээ мэдээллээ хуваалцах үйл явцыг шинэчлэх тухай хөндөж, хамтын ажиллагааны гэрээгээ 2025 онд Улаанбаатар хотод шинэчлэн байгуулахаар тохиролцов.
МОНЦАМЭ, Синьхуа агентлаг харилцан мэдээлэл солилцох, хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 1958 онд хийснээс хойш 66 жилийн хугацаанд харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлсээр байгаа билээ.
МОНЦАМЭ агентлаг өнгөрсөн 103 жилд дэлхийн мэдээллийн олон агентлагтай хамтран ажиллаж, хамтын ажиллагааны гүүр бий болгон, Монголын талаарх мэдээ, мэдээллийг олон улсад түгээсээр ирсний нэг хамтрагч нь Синьхуа агентлаг юм.
МОНЦАМЭ агентлаг дэлхийн 42 мэдээллийн агентлагтай харилцан мэдээлэл солилцдог, олон талын хамтын ажиллагаатай. Тэдгээр байгууллагын удирдлагуудтай нүүр тулж уулзах, халуун дулаан яриа өрнүүлэх боломж энэ үеэр илүүтэй тохиодог. Энэ удаад ч мөн олон байгууллагын удирдлагуудтай уулзан, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар ярилцжээ.
Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/353728
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.