Төрийн албан хаагчийн тодорхойлолтыг цаасаар авах шаардлагагүй боллоо.
Төрийн албан хаагчид “E-Mongolia”-аас төрийн жинхэнэ албаны шалгалт өгч тэнцэн, нөөцөд бүртгэгдсэн тухай лавлагаа, цалингийн тухай тодорхойлолт, төрийн албанд ажиллаж буй албан хаагчийн тодорхойлолтыг цаасаар авах шаардлагагүй боллоо.
Эдгээр нь хамгийн эрэлттэй лавлагаа, тодорхойлолт учраас эхний ээлжид оруулжээ.Төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд руу чиглэсэн үйлчилгээг түлхүү хүргэсэн. Одоогоор төрийн 200 мянга гаруй албан хаагчдад төрийн үйлчилгээг хүргэхээр лавлагаа, тодорхойлолтыг “E-Mongolia”-д шинээр нэмжээ.
Цаашид төрийн албан хаагчдад зориулсан үйлчилгээг нэмэх, хүний нөөцийн удирдлага модулийг төрийн албан хаагч модултай холбох, хүний нөөцийн бүртгэдэг шагналын мэдээллийг сервисээр холбох нөхцөл бүрдэж байна. Мөн төрийн албан хаагчдад зориулсан тусгайлсан цонх нээх боломжтой болжээ.
Сард 500 мянга гаруй иргэн И-Монголиагаар үйлчлүүлдэг байна. Цаасан маягтыг цахимжуулж байгаа учир програмчилж болохуйц, төрд буй мэдээллээ дахин нэхэхгүй байх нөхцөл бүрдүүлэх аж.
“E-Mongolia” УТҮГ нь төрийн 29 системийг хариуцдаг. Одоогоор 86 байгууллагын 1255 үйлчилгээг 1,9 сая иргэнд үзүүлэхдээ Мобайл апп, ТҮЦ машин, “Нэг цэг”- ийн үйлчилгээний төвөөр дамжуулдаг байна. Цахимаар 59,3 сая үйлчилгээг иргэдэд хүргэж, 1,2 их наяд төгрөгийг хэмнэжээ. Цаашид хиймэл оюунд суурилсан үйлчилгээг үзүүлэхээр төлөвлөж байгааг ЦХИХХЯ мэдээлэв.
Гадаадад байгаа 216 мянган иргэн, алслагдсан бүсэд амьдарч буй малчдад үйлчилгээгээ хүргэхэд анхаарч, Үндэсний дата төвтэй хамтран ирэх жилээс төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Мөн мэдээлэл хариуцагч 38 байгууллагын системийн найдвартай, тасралтгүй байдлыг хангахад анхаарч байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.