БНСУ-ын Ерөнхийлөгч Юн Сок Ёол онц байдал зарлалаа
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Юн Сог Ёль мягмар гарагт улс оронд онц байдал зарлаж, сөрөг хүчнийг “төрийн эсрэг үйл ажиллагаа явуулан бослого гаргахаар төлөвлөж” засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулж байна гэж буруутгажээ.
Тэрбээр телевизээр мэдэгдэл хийхдээ “онц байдал зарласан нь Умард Солонгосын талыг баримтлагч хүчнүүдийг устгах, Үндсэн хуулиар бий болгосон эрх чөлөөт тогтолцоог хамгаалах зорилготой” гэлээ.
Сөрөг хүчин болох Ардчилсан намынхан /АН/ парламентын төсвийн хороонд төсвийн тодотголын төслийг өргөн барьж, төрийн ерөнхий аудитор, Ерөнхий прокурорыг огцруулах санал хүргүүлсний дараа дээрх шийдвэрийг гаргажээ.
Юн Сог Ёль хэлэхдээ, онц байдал зарлах тухай шийдвэр нь томоохон сорилтуудтай тулгараад буй улс үндэстнээ “дахин сэргээж, авран хамгаалах” зорилготой гэдгийг онцоллоо.
Энэхүү мэдэгдэл нь иргэдэд зарим төвөг чирэгдлийг учруулж магадгүй боловч улс орныхоо нөхцөл байдлыг богино хугацаанд “хэвийн байдалд оруулахаа” амлаж, засгийн газар олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гадаад бодлогодоо үнэнч хэвээр байна гэдгийг мэдэгдлээ.
2022 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөснөөс нь хойш засгийн газрын албан тушаалтнуудыг огцруулах санал 22 удаа ирүүлснийг Юн Сог Ёль онцлоод, сөрөг хүчнийхэн зургаадугаар сард хуралдсан Үндэсний ассамблейн 22 дугаар чуулганаас хойш 10 дахь удаагаа импичмент зарлахыг оролдсоныг дурдсан байна.
Энэ бол улс орны түүхэнд төдийгүй дэлхийн улс төрд ч урьд өмнө үүсэж байгаагүй нөхцөл байдал хэмээн тэрбээр тодорхойлоод, эдгээр үйлдэл нь гүйцэтгэх засаглалын үйл ажиллагаанд ихээхэн саад тотгор учруулсан гэдгийг дурдлаа.
Төсвийн тодотголтой холбоотой хуулийн төслийн талаар Юн Сог Ёль хэлэхдээ, төсвийг танах нь мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зэрэг засгийн газрын үндсэн чиг үүргийг алдагдуулж, улмаар улс орныг “мансууруулах бодисын диваажин” болгоход түлхэж, нийгмийн аюулгүй байдлыг алдагдуулна" гэлээ.
Юн Сог Ёль хэлэхдээ "төсвийн хуулийн төсөл болон импичментийн саналуудыг АН-ын дарга Ли Жэ Мёныг яллахаас хамгаалах улс төрийн хэрэгсэл болгон ашиглаж байна" хэмээн АН-ыг буруутгажээ. Ли Жэ Мён хэд хэдэн гэмт хэрэгт холбогдоод байгаа юм.
“Үндэсний Ассамблей нь гэмт хэрэгтнүүдийн орогнох газар болж, шүүх, захиргааны тогтолцоонд саатал учруулж, чөлөөт ардчилсан тогтолцоог хууль тогтоох дарангуйллаар түлхэн унагаахыг оролдож байна” гэж Ерөнхийлөгч хэлжээ.
Үндсэн хуульд заасны дагуу Ерөнхийлөгч нь дайн, зэвсэгт мөргөлдөөн, үндэсний хэмжээний онц байдлын үед, мөн нийгмийн аюулгүй байдлыг хангах, дэг журмыг тогтоох шаардлагатай үед онц байдлыг зарлаж болно. Энэ нь тодорхой эрх чөлөө, тэр дундаа хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх эрх чөлөө болон Үндэсний Ассамблей, засгийн газар, шүүхийн эрх мэдлийг хязгаарлана гэсэн үг юм.
Гэхдээ Үндэсний Ассамблейн гишүүдийн олонх нь цуцлахыг шаардсан тохиолдолд онц байдлыг цуцалж болно. Нийт 300 гишүүнтэй парламентад 170 суудал бүхий АН олонхын саналаар онц байдлын дэглэмийг цуцлах боломжтой юм.
Юн Сог Ёлийг үг хэлсний дараахан АН-ынхан парламентын гишүүдээ яаралтай хуралдахыг уриалжээ. Одоогоор Үндэсний Ассамблей руу нэвтрэх боломжгүй байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.