БНСУ-оос таван нэр төрлийн хими эмчилгээний тариа хүлээн авчээ

БНСУ-оос таван нэр төрлийн хими эмчилгээний тариа хүлээн авчээ

Манай улсад хавдрын хими эмчилгээний 40 төрлийн эм хэрэглэдэг гэсэн судалгаа бий.

Тэгвэл “Нэг эх үүсвэрийн эм” бодлогын хүрээнд чанарын баталгаатай таван нэр төрлийн хими эмчилгээний тариаг БНСУ-аас хүлээн авч, хэрэглэхэд бэлэн болжээ. Эхний ээлжид тус эмүүдийг ХСҮТ-д эмчлүүлж буй иргэдэд хэрэглэх юм. Харин дараагийн ээлжид улсын хэмжээнд хавдрын хими эмчилгээ хийж буй бүх эмнэлэгт нэвтрүүлэх ажээ. Мөн энэ онд хими эмчилгээнд хэрэглэх эмийн нэр төрлийг 20 хүртэлх тоогоор нэмэгдүүлэхээр үнийн хэлцэл хийж байгааг Эрүүл мэндийн яамнаас онцолж байна.

Энэ талаар ХСҮТ-ийн Хими эмчилгээний тасгийн эрхлэгч Я.Замбалгарав ярихдаа, “Манай улсад хавдрын бүртгэлтэй 30 мянга орчим өвчтөн байна. 40 гаруй нэр төрлийн хими эмчилгээний эм хэрэглэдгээс 23 нь тариа юм. Жилд 1200 гаруй өвчтөн 8000 удаагийн давтангаар химийн системийн эмчилгээнд хамрагдаж байна. Тиймээс ЭМЯ-ны бодлогын хүрээнд хавдрын эмчилгээний хямд үнэтэй атлаа чанартай эм, тариа хүлээн авахаар ажиллаж байгаа.

Эхний ээлжид Солонгосын “Корейн Юнайтед” эмийн үйлдвэрийн өндөр технолиогоо үйлдвэрлэсэн таван төрлийн тариаг хүлээн авлаа. Энэхүү тариаг ходоод, уушги, умайн хүзүү, улаан хоолой, хөхний хавдарт хэрэглэдэг. Цаашид ч гэсэн манай улсад Азийн өндөр хөгжилтэй орнуудын үйлдвэрлэдэг эм тариаг хэрэглэхээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, нэг эх үүсвэрээс хамгийн чанартай эмийг хэрэглэх бодлого хэрэгжиж байгаа юм” гэв.

Эх сурвалж: https://montsame.mn/mn/read/362443

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.