Халдвар илэрсэн иргэн Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байжээ
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн /2020.04.08/ мэдээлснээр Монгол Улсад коронавируст "Ковид-19" халдварын сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Яамнаас өгсөн шинэ мэдээллийг тоймлон хүргэе.
- Өнөөдрийн байдлаар, дэлхийн 212 улс оронд "Ковид-19" халдвар бүртгэгдэж, нэг сая 282 мянга 930 хүнд халдвар авсан байна.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, коронавируст "Ковид-19" халдварын тохиолдол 16 боллоо.
- Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө ОХУ-аас зорчиж ирсэн, Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан таван иргэний давтан шинжилгээгээр нэг хүнд нь "Ковид-19" халдвар илэрчээ.
- Нийт 14-21 хоногийн хугацаанд тусгаарлагдаж буй тухайн иргэний анхны шинжилгээнд халдвар илрээгүй боловч 04 дүгээр сарын 07-нд хийсэн давтан шинжилгээгээр ийнхүү халдвартай болох нь батлагдсан байна.
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 14, Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор зорчиж ирсэн 192 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.
- Мөн тандалт, судалгааны чиглэлээр уушгины хатгалгаа өвчтэй хүмүүсийн 25 сорьцонд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй.
- Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1484 хүн ажиглалт, хяналт, тандалт, шинжилгээнд хамрагдаж буй бөгөөд 300 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.
- Өчигдөр (2020.04.07) нийт 92 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтанд шилжсэн байна.
Эх сурвалж: ЭМЯ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.