Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхов

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхов

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан танилцуулав. УИХ-ын 2023 оны 68 дугаар тогтоолоор “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотой авах зарим арга хэмжээг баталж, 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” 58 дугаар тогтоолыг баталсан юм.
Мөн Олон улсын гэрээний тухай хуульд заасны дагуу Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээрийн төслийг хэлэлцүүлж, УИХ-ын холбогдох байнгын хороогоор зөвшилцөх шийдвэрийг гаргасан бөгөөд 2025 оны нэгдүгээр сарын 27-нд УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо дээрх асуудлыг хэлэлцэн, хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгосон юм. УИХ-ын 58 дугаар тогтоолыг баримтлан "Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-т 2025 оны хоёрдугаар сарын 14-нд БНХАУ-ын Харбин хотноо гарын үсэг зурсан хэмээн сайд Ц.Туваан танилцуулав.

Монгол, Хятадын талын ажлын хэсгийн хамтарсан хуралдаанаар талууд үндсэн гурван шатны баримт бичиг байгуулахаар тохиролцжээ. Хятадын талаас дээрх гэрээнүүдийн төслийг тохиролцох асуудлыг хэлэлцэх саналыг тавьж байгаа бол Монголын талаас Засгийн газар хоорондын гэрээг байгуулснаар бусад гэрээг хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаагаа илэрхийлсэн гэлээ. Хэлэлцээрийн хувьд Монголын талаас:

-Төмөр замын царигийн өөр өөрийн стандарт, дүрэм журмыг мөрдөх, төмөр зам ашиглалтад орсны дараа гуравдагч талын ачааг тээвэрлэх,

-Төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг нэг зурагтай, нэг гүйцэтгэгчээр хийлгэх,

-Суурь үнийг хамгийн сүүлд баталгаажсан үнээр тогтооно гэсэн зарчмын саналыг Хятадын талд хүргүүлсэн гэж сайд мэдээлэв. Хятадын талаас эхний санал буюу өөр өөрийн царигийн стандарт, дүрэм журмыг баримтална гэдэг саналыг хүлээн авч, нүүрсний анхны үнийг “урт хугацааны гэрээний хамгийн өрсөлдөхүйц үнэ”-ээр тогтоох саналыг ирүүлсэн байна. Хоёр дахь санал буюу барилга угсралтын ажлыг нэг гүйцэтгэгчээр хийлгэх асуудлыг Хятадын тал хүлээн аваагүй тул ойрын үед төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу барилгын ажлын гүйцэтгэгчийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт тендер зарлаж сонгон шалгаруулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг сайд өгөв.

Сайд Ц.Туваан, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг байгуулсанаар Монгол-Хятадын бусад гурван боомтыг төмөр замаар холбох, Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжин, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломж бүрдэнэ гэж үзэж байна" хэмээн танилцуулав.

Хуулийн төслийн танилцуулга, байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн бөгөөд нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуулийн төслийг эцэслэн баталлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Зөрчилтэй вэб хуудас хаалгах хүсэлтийг E-Mongolia системээр хүлээн авдаг боллоо 2025-03-27

218 бог малыг хээрийн амьтан хотонд нь барьж, сэглэээд явжээ. 2025-03-27

Б.Отгонтуяа БНСУ-ын бөхийг цэвэр яллаа 2025-03-27

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол 104 байна 2025-03-27

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болно 2025-03-27

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хэлэлцээрийг соёрхов 2025-03-28

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газрын төвлөрөх дараагийн мега төсөл Тавантолгойн ЦС, Эгийн голын УЦС байх болно 2025-03-28

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-ын Элчин сайд Чой Жин Вон-ыг хүлээн авч уулзлаа. 2025-03-28

Мьянмарт газар хөдөлсөнтэй холбогдуулж ЭСЯ-наас зөвлөмж гаргажээ 2025-03-29

"Ирээдүйн мистер-2025" хотын аварга шалгаруулах тэмцээн болно 2025-03-29

НДШ-ийг бууруулах иргэдийн САНАЛЫГ авч эхэллээ 2025-03-29