НББХ: БНСУ-аас хорт хавдрын эмүүдийг авч эхэлснээр эмчилгээний чанар сайжирч байгааг онцоллоо.

НББХ: БНСУ-аас хорт хавдрын эмүүдийг авч эхэлснээр эмчилгээний чанар сайжирч байгааг онцоллоо.

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.04.22/-ийн хуралдаанаар УИХ-аас 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр баталсан УИХ-ын хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай 38 дугаар тогтоолын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Эрүүл мэндийн сайдын мэдээлэл сонсож, гишүүд асуулт асууж хэлэлцлээ. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг  2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлсэн. Тус хууль, УИХ-ын 2024 оны 30, 38 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ЭМЯ-аас дараах үйл ажиллагаануудыг авч хэрэгжүүлсэн байна. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лабораторид тоног төхөөрөмжийн шинэчлэлийг хийх, хүний нөөцийг чадавхжуулах ажлыг хийж эхэлсэн. Энэ хүрээнд ДЭМБ-д албан хүсэлт тавьснаар эм шинжлэх лабораторийг  2024 оны долдугаар сараас ХӨСҮТ-ийн Биоаюулгүй байдлын III зэрэглэлийн лабораторийн шинэ байранд 1000 гаруй кв.м талбайд лабораторийн модулийг анх удаа олон улсын стандартад нийцүүлэн шинээр угсарч, байгуулах ажлыг эхлүүлжээ. 

Эмийн үнийг бууруулах, чанартай эмээр хангах зорилтын хүрээнд ДЭМБ-ын жагсаалтад орсон, эмийн хатуу зохицуулалт бүхий улс орны эм үйлдвэрлэгчидтэй үнийн хэлцэл хийж, дундын зуучлагчгүйгээр чанартай, хямд эмийг шууд нийлүүлэх үйл ажиллагааг 2024 оны 9 дүгээр сараас эхлүүлсэн байна.  Эмийн импортын хүрээнд Швейцарь,  Солонгос, Япон зэрэг орнуудын үйлдвэрлэгчидтэй хэлцэл хийж байгаа. Тодруулбал, 2024 оны 12 дугаар сараас Солонгос улсын 5 үйлдвэрлэгчийн 23 төрлийн эмийг  импортолж эхэлсэн. Эдгээрээс  18 нэр төрлийн эмийг Эрүүл мэндийн даатгалын сангаас 50-70 хувийн хөнгөлөлттэй олгож байгаа. Эдгээр эм нь зах зээлийн бусад ижил төрлийн эмийн үнээс даруй 30-90 хүртэл хямд үнэтэй байна. Үүнээс гадна хорт хавдрын эмчилгээний 5 нэрийн эмийг Солонгос улсын үйлдвэрлэгчээс шууд худалдан авч ХСҮТ-ийн эмчилгээнд хэрэглэж байгаа нь хорт хавдрын эмчилгээний чанарыг сайжруулахад чухал алхам болж байгааг онцоллоо. 

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд заасны дагуу эмийн зөвшөөрөл олгох үйл ажиллагааг ил тод байлгах зорилгоор Эмийн зөвлөл, Эмнэлгийн хэрэгслийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг нээлттэй, ил тод сонгон шалгаруулж, тус тус 15 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөлийг Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2025 оны 2 дугаар сард баталсан байна.

Эх сурвалж: https://www.facebook.com/share/1FepKtQFTS/

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.