Цар тахал нь уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг байгалийн хариу үйлдэл байж магадгүй
РОМ. /CNN/. Шинэ коронавирусний цар тахал нь экологийн хямралыг үл тоомсорлож буй хүн төрөлхтөнд өгч буй “байгалийн хариу үйлдлүүд”-ийн нэг байж магадгүй гэж Ромын пап Францис мэдэгджээ.
Ромын пап лхагва гарагт “The Tablet”, “Commonwealth” сэтгүүлд цахим шуудангаар ярилцлага өгөх үеэрээ, халдварын тархалт нь үйлдвэрлэл болон хэрэглээг бууруулах, байгаль дэлхийг ойлгох, үүний талаар тунгаан бодох боломжийг олгож байна гэж хэлсэн байна.
"Бид гамшигт үзэгдлүүдэд хариулт өгөөгүй. Австралид гарсан түймрүүдийн талаар одоо хэн ярьж байна? Мөсөн голууд хайлсны улмаас нэгэн усан онгоц хойд туйлыг туулж болзошгүй байсныг санаж байгаа хүн байна уу? Хүн төрөлхтөнд нүүрлэсэн олон үерийн талаар одоо хэн дурсаж байна вэ?" гэж пап лам хэлээд, эдгээрээр дамжуулан байгаль эх өшөөгөө авч байгаа эсэхийг би хэлж мэдэхгүй боловч байгалийн хариу үйлдлүүд гэдэг нь тодорхой байна хэмээн ярьжээ.
Цар тахал Ватиканы үйл ажиллагааг бүрмөсөн өөрчилсөн бөгөөд Ромын пап ням гаргийн цуглаанаа хоосон сүмд явуулж, ердийн үед жуулчдаар дүүрэн байдаг газрууд эзгүйрсэн байна.
20 гаруй настай байхдаа авсан халдварын улмаас уушги нь гэмтсэн Францис өдгөө 83 настай бөгөөд түүнээс коронавирусний шинжилгээг хоёр удаа авахад хариу нь сөрөг гарчээ. "Ромын пап халдвар авсан байж болзошгүй хүмүүсээс зай барьж, хувийн байрандаа хооллож, зочидтой уулзахын өмнө болон дараа гараа ариутгаж байгаа" гэж Ватиканы хэвлэлийн алба мэдээлжээ.
Ромын пап мөн ярилцлагынхаа үеэр гуурсан хоолойн үрэвсэл нь эдгэж байгааг тэмдэглээд, энэ хүнд цаг үед Ватикан дахь гэртээ улам олон залбирч байгаа хэмээн ярьжээ. Мөн тэрбээр мягмар гараг бүр нүглээ наманчилж, хувиа хичээсэн зангаа өршөөхийг хүсэж байгаа гэж хэлсэн байна.
Түүнчлэн тэрбээр халдварын эсрэг хэрэгжүүлж буй зарим арга хэмжээг шүүмжлээд, орон гэргүй хүмүүсийг автомшины зогсоолд бус зочид буудлуудад тусгаарлах хэрэгтэй гэж хэлжээ. Ромын пап ярилцлагынхаа төгсгөлд гэртээ байх хугацаагаа үр дүнтэй өнгөрүүлэхийг хүсээд, сайн сайхан ирээдүйн төлөө өөрсдөдөө анхаарал тавихыг уриалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.