"COVID-19" халдварын тандалт, судалгааны тойм-4
1. БНХАУ-ын Нанжинг их сургуулийн судлаачид хүний тархи, нугасны шингэнд коронавирус байгааг илрүүлж, мэдрэлийн системд нөлөөлдөг болохыг тогтоожээ. Тиймээс коронавирусийн халдвартай өвчтнүүдэд толгой өвдөх, ухаан алдах зэрэг мэдрэлийн өвчний шинж тэмдэг байгаа эсэхийг эрт илрүүлж оношлохыг зөвлөж байна. Коронавирусийн халдвар авсан өвчтөн менингитээр хүндэрч байгааг анхааруулж байна.
2. БНХАУ-д даралт ихсэлт, уушгины архаг бөглөрөлт, бөөрний дутагдал, жирэмсэн зэрэг эрсдэлт бүлгийн халдвар авсан 4 хүнд "COVID-19"-өөр өвчилж эдгэрсэн хүний цусны сийвэн (convalescent plasma)-г тарихад ямар нэгэн сөрөг үр дагавар гараагүй бөгөөд эдгээр хүмүүсийн биеийн байдал сайжирсан байна. Коронавируст халдвараар хүндэрсэн хүмүүст эдгэрсэн хүний сийвэн (convalescent plasma) сэлбэх эмчилгээ үр дүнтэй байна. Энэ эмчилгээг цаашид нарийвчлан судлах шаардлагатайг тэмдэглэжээ.
3. БНХАУ-д коронавирусээр өвчилсөн 7 настай охины сорьцод вирус 20 орчим хоног хадгалагдаж байсан нь тусгаарлалтыг 14 хоногоос илүү хугацаагаар сунгах шаардлагатайг харуулж байна. Охин шинж тэмдэггүй хэлбэрээр өвчилсөн бөгөөд аав нь түүнтэй уулзсанаас 5 хоногийн дараа халдвар авсан нь батлагдсан байна. Шинж тэмдэггүй хүн халдвар тараах явдал улам бүр нэмэгдсээр байна.
4. БНХАУ-ын профессор Жан Вэньхун коронавируст халдварын тархалтад үндэсний онцлог хамааралгүй болохыг судалгаагаар тогтоосныг онцолж, хөл хорио тогтоох, урьдчилан сэргийлэх арга хэмжээний байдлаас шалтгаалан тархалт улс орнуудад харилцан адилгүй байгааг тэмдэглэв. Сүүлийн үед залуучууд халдвар авах тохиолдол өсөх хандлагатай байгаа бөгөөд хөл хориог үл тоон нийгмийн харилцаанд олноор орж байгаа нь халдварын тархалтыг нэмэгдүүлж байгааг профессор онцолжээ.
5. БНХАУ-ын эрдэмтэд коронавируст халдварын талаар дараах дүгнэлт хийжээ. Үүнд:
o COVID-19 хүнээс хүнд халдварлахаас гадна хүнээс амьтанд, улмаар амьтнаас амьтанд халдварласнаар дэлхий нийтэд томоохон хохирол учруулах бөгөөд үүнтэй тэмцэхэд ихээхэн хугацаа шаардах болно.
o Коронавируст халдвар БНХАУ-аас бусад улсад хүчтэй дэгдэж байгаа тул энэ оны 6-р сар гэхэд тархалтыг тогтоон барих боломжгүй төлөвтэй байна.
6. БНХАУ, АНУ-ын эрдэмтдийн судалгаагаар коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн залуучуудын давтан шинжилгээний хариу эерэг гарах явдал түлхүү ажиглагдсан байна. Тодруулбал, эмчилгээний дараах давтан шинжилгээний хариу эерэг гарсан 38 хүний 1 нь л 60 настай хүн байсан бол 7 нь 14-өөс доош насны хүүхдүүд байжээ.
7. Хонгконгийн эрдэмтэд коронавирус амны хаалтын гадна талд 7 хоног, түүнээс дээш хугацаагаар хадгалагддаг болохыг тогтоосон байна. Тиймээс амны хаалтыг тайлж хаяхдаа гадна талд нь хүрэхгүй байх нь чухал гэдгийг анхааруулж, ахуйн хэрэглээний ариутгалын бодисууд нь уг вирусын эсрэг үр дүнтэй үйлчилж байгааг баталгаажуулав. Туршилтаар коронавирус нь сонин сэтгүүл, амны цаасан дээр 3 цаг, мод, хөвөн, даавуун дээр 1 өдөр хүртэл, шил, мөнгөн дэвсгэрт дээр 2-3 өдөр, зэвэрдэггүй төмөр, хуванцар эдлэл дээр 4-7 хоногийн турш тогтдог болохыг илрүүлжээ. Иймд судлаачид иргэд гараа тогтмол угаах, бохир гараар нүүр, амандаа хүргэхгүй байх, хувийн ариун цэврийг чанд сахих шаардлагатайг онцгойлон сануулж байна.
8. Хонгконгийн их сургуулийн тэргүүлэх микробиологч Хо Паклэүн хэлэхдээ “Засгийн газар иргэдийг олон нийтийн газар амны хаалт заавал хэрэглэхийг хуульчлах хэрэгтэй” гэж мэдэгдэв. Хонгконгт хооллохоос бусад үед амны хаалт заавал хэрэглэх журам үйлчилж байгаа ч хүрээг нь тэлж эмнэлэг болон бусад олон нийтийн газрыг хамруулах хэрэгтэй гэж тэрбээр үзжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.