Бүх цэргийн наадамд аймгийн хурц арслан Э.Мөнхбаатар түрүүлжээ

2025 оны Бүх цэргийн наадмын үндэсний бөхийн барилдаанд өчигдөр буюу 2025 оны 06 дугаар сарын 06-нд Монгол бөхийн өргөөнд болж, аймаг, цэрэг, сумын цолтой, чансаа өндөр 256 бөх барилдлаа.
Тус барилдаанд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Чойрын Богд" дэвжээний бөх аймгийн хурц арслан Энхтөрийн Мөнхбаатар түрүүлж, бадрангуй чимэг хүртлээ.
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат, ҮБХИС, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх аймгийн арслан Энхтөрийн Баасанжав үзүүрлэж, гарамгай чимэг нэмэв.
Дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат, "Хилчин" спорт хороо, ХЦ-0208 анги, "Ховд" дэвжээний бөх аймгийн арслан Ц.Төмөрцоож /цогт чимэг/, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх аймгийн арслан Б.Өсөхбаяр /цогт чимэг/ нар шалгарлаа.
Наймд үлдэж шөвгөрсөн аймгийн арслан А.Нармандах /өрнөх/, аймгийн заан Б.Бадамдорж /өлзийт/, аймгийн заан Б.Баянсүх /өрнөх/, аймгийн начин Б.Бат-Эрдэнэ /өсөх/ чимэг тус тус нэмлээ гэж МҮБХ-ноос мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.